Дубай ирэх арван жилд дэлхийн гурав дахь том хот болно
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Арабын Нэгдсэн Эмират улс ирэх 10 жилд эдийн засгаа хоёр дахин өсгөхөөр төлөвлөжээ. Энэ сарын 4-ний өдөр тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Дубайн удирдагч шейх Мохаммед бин Рашид Аль Мактум бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. "D33" гэж нэрлэсэн уг төлөвлөгөөний дагуу Дубай хот 2033 он гэхэд инновацийн 100 төслийг хэрэгжүүлэх замаар 32 их наяд дирхам хүрэх эдийн засгийн цар хүрээг өсгөхөөр зорьж буй аж. Улмаар "Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр 60 тэрбум дирхам давж Дубай дэлхийн гурав дахь том хот болно" гэж дэд ерөнхийлөгч онцолсон байна. Мөн тус улс ирээдүйд Дубай хотын гадаад худалдааны түнш хотын тоог 400 болгон өгсөж худалдааны хэмжээгээ 25.6 их наяд дирхам хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь одоогийн түвшнээс 44 хувиар өсгөх үзүүлэлт юм. Мөн түүнээс гадна Дубай нь Ойрхи Дорнодын санхүү, худалдаа, худалдааны төв гэсэн статусаа бэхжүүлэхийн тулд янз бүрийн нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан тус хот энэ оны эхээр гадаадын жуулчдыг татахын тулд архины 30 хувийн татварыг тэглэж, мөн өнгөрсөн жилээс гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамтран амьдрахыг зөвшөөрөх зэрэг нээлттэй бодлого авч хэрэгжүүлээд байгаа ажээ. Тус улсад цар тахлын дэгдэлт буурснаар эдийн засаг сэргэж өнгөрсөн оны 1-р сараас 9-р сар хүртэл ДНБ 307.5 тэрбум дирхам болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар өссөн тухай “Bloomberg” мэдээлжээ. Олон улсын валютын сан саяхан АНУ, Европын холбоо болон Хятад гэсэн дэлхийн эдийн засгийн “гурван том” нэгдэл эдийн засгийн уналтад орно гэж таамаглаж байсан бол харин Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд эдийн засаг тогтвортой байна гэсэн дүн шинжилгээ хийсэн тухай “AFP” агентлаг мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.