Танзанийн анхны эмэгтэй ерөнхийлөгч жагсаал хийхийг хориглосон журмыг цуцлав
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан сүүлийн зургаан жилийн турш хэрэгжсэн сөрөг хүчний жагсаал, цуглаан хийхийг хориглосон журмыг цуцалсан тухай “Associated Press” болон “AFP” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч Хассан намын дарга нартай уулзалт хийж "Намууд жагсаж цуглах эрхтэй, Засгийн газар нь үүнийг зөвшөөрч, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй" гэж хэлсэн байна. Тэрбээр гагцхүү сөрөг хүчин жагсаж цуглаж, шүүмжлэл өрнүүлэхдээ ажил хэрэгч хандахыг хүссэн ажээ. Энэ шийдвэрийг сөрөг хүчний намууд болон хүний эрхийн байгууллагууд "Зөв алхам" хэмээн сайшааж байгаа юм. Мөн энэ улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч тэрбээр сөрөг хүчний намын гол шаардлага болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын сөрөг хүчний намуудын жагсаал цуглааныг хориглосон шийдвэрийг анх 2016 онд Ерөнхийлөгч асан Жон Магуфули гаргаж байжээ. Улмаар өөрийгөө шүүмжлүүлэхийг үл зөвшөөрсөн бөгөөд "Одоо улс төрөөс өөр зүйл хийх цаг нь болсон" хэмээн мэдэгдэж байв. Мөн төрийн үйл хэрэгт хатуу хяналт тогтоож, "бульдозер" гэсэн хоч авах хүртлээ сүр хүчээ харуулсан боловч 2021 онд гэнэт нас баржээ. Иймээс тухайн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хассан Ерөнхийлөгчийн албыг авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.