Швейцарийн шинэ ерөнхийлөгч төвийг сахих бодлогоо тууштай баримтална
Анд нөхдийн мэдээ
2023-01-02
Швейцарь улсын ерөнхийлөгчийн албыг Холбооны засгийн газрын 7 сайд нэг нэг жилээр ээлжлэн хашдаг бөгөөд энэ удаад тус улсын Дотоод хэргийн сайд Ален Берсет уг албыг өчигдрөөс эхлэн хаших болжээ. Ерөнхийлөгч Холбооны Зөвлөлийг тэргүүлдэг ч Засгийн газрын тэргүүний хувиар бус төрийн тэргүүний хувьд дипломат үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг ажээ. Социал-демократ намаас сонгогдсон ерөнхийлөгч Бэрсет улс төрд орохоосоо өмнө эдийн засаг судлаачаар ажиллаж байгаад 2003 онд Холбооны хурлын гишүүнээр, 2011 онд Холбооны Зөвлөлийн гишүүнээр сонгогдон улс төрд оржээ. Тэрээр Швейцарийн олон нийтийн хэвлэл болох “SwissInfo” сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайнтай холбогдуулан төвийг сахих бодлогоо эргэн харах эсэх талаарх асуултад хариулахдаа “Төвийг сахих бодлого бол бидний цорын ганц сонголт” хэмээн хэлээд уламжлалт уг бодлогоо цаашид тууштай баримтална гэдгээ нотолсон байна. Мөн тэрбээр "Швейцарь бол маш эртний хүмүүнлэгийн уламжлалтай улс. Олон улсын дайн, мөргөлдөөний үед тогтвортой бөгөөд тодорхой бодлого баримталдаг. Гэхдээ олон улсын асуудалд анхаарал хандуулж оролцсоор ирсэн” гэсэн байна. Ерөнхийлөгчийн энэ өдөр хэлсэн үг нь уг албыг хаших хугацаандаа Холбооны засгийн газрын бодлогыг тууштай баримтална гэдгийг нь харууллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.