Эртний Ромын үеийн алтан ээмэг олджээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-28
Цар тахлын хорионы үеэр ажилгүй гэртээ сууж байхдаа уул хадаар явж металл илрүүлэгч ажиллуулан элдэв зүйл олж цуглуулах хоббитой болсон нэгэн англи эр эртний Ромын үеийн маш ховор зэрэглэлийн ээмэг олсон тухай “ВВС” телевиз мэдээллээ. Уг мэдээнд дурдсанаар тус улсын Норфолк мужид оршин суугч 53 настай Ник Бэйтмэн өнгөрсөн Зул сарын баярын үеэр өмнөд Норфолкын тал руу очиж металл илрүүлэгчээ ажиллуулж үзжээ. Металл илрүүлэгчийн дохио дуугарсан газрыг ухаж үзвэл 2 см орчмын хэмжээтэй, савны таглаа мэт дугуй хэлбэртэй алтан шаргал өнгийн эд олдсон байна. Түүнийгээ даруй мэргэжлийн шинжээчид үзүүлэхэд маш ховор эртний эд байсан аж. Тус мужийн захиргааны шинжээч энэ тухайд “Сайтар шинжилж үзэхэд нүүрэн талд нь загалмайн дүрс сийлсэн ээмэг байсан. Дахин нарийвчлан шинжилж үзэхэд зөвхөн загалмай төдийгүй лаврын титэм, мөн бүргэд сийлсэн байсан бөгөөд энэ нь эртний Ромын билэг тэмдэг юм” хэмээн хэлжээ. Энэхүү ээмгийг эртний ховор эдийн зэрэглэлд оруулсан бөгөөд удахгүй тус мужийн төв музейд үзэсгэлэнд гаргахаар болсон байна. Ээмгийг анх олсон Нейтмэн “Ээмгийг харах болгонд түүнийг зүүж явсан бүсгүй хэрхэн яаж амьдарч байсан бол, тэр ямар дүр төрхтэй байсан бол, юуны учир тэр өргөн тал дээр ээмгээ гээж орхио бол гэсэн бодол төрдөг” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.