Германы судлаач “Азарганы ноцолдоон”-ыг эх бүтээл мөн хэмээн батлав
Чихэнд чимэгтэй
2022-12-23
Германы уран зураг судлаач, сэргээн засварлагч Сюзанне Эрхардс Монголын уран зургийн галерейн хүсэлтээр Ардын зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” бүтээлд камер, хэт ягаан туяа, өдрийн гэрэл, томруулдаг шил зэргийг ашиглан мэргэжлийн судалгаа хийжээ. Тэрбээр О.Цэвэгжавын 1941-1963 онд туурвисан “Партизан цэрэг элсүүлэлт”, “Азарганы ноцолдоон”, “Бухын мөргөлдөөн”, “Эмнэг сургагч” дөрвөн бүтээлийг тав хоногийн турш харьцуулан судалж, судалгааны үр дүнг Монголын уран зургийн галерей, Соёлын өвийн үндэсний төв болон Дүрслэх урлагийн академийн багш мэргэжилтнүүдэд танилцуулсан байна. Судалгаанд орсон бүтээлүүдийг зураачийн арга ажиллагаа, материал хэрэгсэл, өнгөний сонголт мөн хэмээн дүгнэсэн бөгөөд харьцуулалтын болон тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар "Азарганы ноцолдоон” бүтээлийг эх зураг мөн хэмээн баталсан байна. Судлаач О.Цэвэгжав зураачийн онцлог, арга барилыг тодорхойлохдоо "Бага хэмжээний будгаар дүрүүдийг илэрхий гаргадаг, илүү хөнгөн дүрслэн зурдаг байжээ. Мөн бүх зургууддаа цөөн өнгө ашигладагаас гадна, дуртай өнгүүд болох цайвар цэнхэр, ултрамарин хөх, улбар шар, зосон улаан, цайвар ногоон, бараан ногоон зэрэг өнгүүдийг хоёр давхаргад хэрэглэдэг аж. Аль болох тосон будгийг бага хэмжээгээр хэрэглэж, нимгэн бичилттэйгээр зурдаг байжээ" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.