Иерусалимд Монголын хоёр жүдоч тавдугаар байрт шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2022-12-22
“Парис-2024” Олимпын наадмын эрх олгох энэ оны сүүлийн тэмцээн “Jerusalim Masters 2022” Израилийн Иерусалим хотод болж байна. Уг тэмцээнд 58 орны 367 жүдоч өрсөлдөж байгаагийн 194 эрэгтэй, 173 нь эмэгтэй бөгөөд манай улсаас таван тамирчин оролцож байгаа юм. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Г.Наранцэцэг нар шагналт тавдугаар байрт шалгараад байна. Тэд эрэгтэй, эмэгтэй жингийн хамгийн олон жүдоч барилдсан ангилалд барилдсан юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд 31, эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд 29 тамирчин өрсөлджээ. Ийнхүү манай улс нийт дүнгээр 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Франц, БНСУ, Израиль медалийн чанараар тэргүүлж байна. Сонирхуулахад, тивийн нээлттэй тэмцээн, Гран при, Их дуулга, Мастерс, тивийн аварга, ДАШТ, Олимпын наадмаас тамирчид чансааны оноо цуглуулдаг. Үүнээс Мастерс, ДАШТ, Олимпын наадам чансааны хамгийн өндөр оноог олгодог. Тухайлбал, Мастерс тэмцээний тавдугаар байрт шалгарвал 648 оноо авах юм. Тэгвэл манай тамирчин Ё.Басхүү энэ оны 12 дугаар сарын 4-ний байдлаар 4500 оноогоор жиндээ гуравдугаарт, Г.Наранцэцэг 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр “Jerusalim Masters 2022” тэмцээний эцсийн дүн гарснаар уг тэмцээнээс авсан дэлхийн чансааны оноо тамирчдад нэмэгдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.