images

Канад улс Оросын олигархын хөрөнгийг хураана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     Канадын Засгийн газар тус улсад байршсан Оросын олигархуудын хөрөнгийг хурааж Украины эдийн засгийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөж байна.  Тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли өчигдөр мэдэгдэхдээ Оросын олигархуудын төлөөлөл болсон Роман Абрамовичийн эзэмшлийн компанийн 26 сая долларын хөрөнгийг хураахаар төлөвлөөд буйгаа хэлжээ. Энэхүү хөрөнгө нь Абрамовичийн эзэмшлийн “Granite Capital Holdings” компанийн Канад дахь санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг ногдол ашгийн орлого бөгөөд тус улсын Засгийн газар энэхүү хөрөнгийг хураах тухай хүсэлтээ удахгүй Дээд шүүхэд гаргахаар болсон талаар хэвлэлүүд мэдээлэв. Өнгөрсөн 3 дугаар сард ОХУ Украин руу довтолсны дараахан Р.Абрамович Канадын хоригт орсон юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай бөгөөд Английн мэргэжлийн хөлбөмбөгийн “Челси” клубыг нэг хэсэг эзэмшиж байгаад өнгөрсөн тавдугаар сард буцаан заржээ. Мөн тэрбээр Канадын Альберта мужийн үндэстэн дамнасан гангийн компани болох “Evraz”-ийн хамтран эзэмшигч ажээ. Жоли мөн хэлэхдээ “Хураан авсан хөрөнгийг Украин улсыг сэргээн босгох, Путины дэглэмийн хууль бус түрэмгийллийн хохирогчдод нөхөн олговор олгоход зарцуулах болно” гэж мэдэгдсэн байна. Канад дахь ОХУ-ын Элчин сайд Олег Степанов Твиттер хуудсандаа энэ явдлыг төлөвлөгөөг "Улайм цайм дээрэм" гээд, энэ нь Канад болон Барууны бусад орнуудад хувийн өмчийн халдашгүй дархан байдал алдагдсаны нотолгоо гэж мэдэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.