images

Нидерландын ерөнхий сайд уучлал гуйлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


    17-19 дүгээр зуунд Нидерланд улсад болж өнгөрсөн боолын наймааны төлөө тус улсын ерөнхий сайд Марк Рютте анх удаа албан ёсоор уучлал гуйлаа. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хэдэн зуунд манай улс болон тухайн үеийн удирдагчид боолын наймаа эрхэлж түүгээр дамжуулан ашиг олж байсан явдалд тэрхүү ёс бус наймааны золиос болж байсан хүмүүс, тэдний үр хойчисоос засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор уучлал гуйж байна” гээд боолын наймаа бол “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэсэн маш тодорхой нэршлийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрөх ёстойг дурджээ. Тус улс өнгөрсөн 250 гаруй жилийн түүхэндээ эдийн засаг, соёлын хувьд амжилттай урагшилж хөгжиж дэвшсэн ч Африк болон Ази тивээс гаралтай 600 мянга гаруй боолыг наймаалцсан гэмт үйлдэлдээ уучлал гуйж буй тухайгаа тэрбээр онцлон дурдаад тус улсын түүхэн дэх “Хамгийн ичгүүртэй үе” хэмээн нэрлэсэн байна. Урд нь энэ  асуудлаар тус улсын хотын захирагч, төв банкны ерөнхийлөгч зэрэг хүмүүс хувийн зүгээс уучлал гуйж байсан хэдий ч засгийн газар албан ёсоор уучлал гуйж буй нь анхных ажээ. 17-19 дүгээр зуунд Африкаас Европ руу 12 сая орчим боол зарагдсан гэж үздэг бөгөөд Европын орнуудаас Нидерланд улс анх удаа энэ үйлдэлдээ уучлал гуйж буй ажээ. Ерөнхий сайд тэрхүү ёслолын арга хэмжээндээ боолын наймааны золиос болсон хохирогч нарын үр хойчисыг мөн урьж оролцуулсан бөгөөд 20 минут орчим үргэлжилсэн уг ёслолыг телевизээр шууд дамжуулсан байна. Тэдгээр хохирогчдын үр удмынхны сэтгэл санааны хохирол болон ирээдүйн боловсролд зориулж 200 сая евро зарцуулахаар төлөвлөснөө Рютте мөн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.