images

Алдсан муураа 10 жилийн дараа олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     Эхнэр нөхөр Ричард болон Мария Прайс нар АНУ-ын Нью-Йорк хотод 2012 онд амьдарч байхдаа алдсан муураа 10 жилийн дараа олж авсандаа баярлан энэхүү үйл явдлаа “Зул сарын баярын гайхамшиг” гэж нэрлэжээ. Тэд Нью-Йорк хотод амьдарч байгаад өнгөрсөн жил Испаний Валенсиа хот руу нүүсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотоос тэдэн рүү утсаар ярьж 10 жилийн өмнө алдсан Мими нэртэй муур нь олдсон тухай дуулгажээ. Тэд анх Мимиг 2010 онд асарч авсан бөгөөд тэдний гэр бүлийн гишүүн болж ирснээс хойш хоёр жилийн дараа гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй байна. Эхнэр нөхөр хоёр байж болох бүх сувгаар эрж хайгаад ололгүй өөр муур авсан бөгөөд өнгөрсөн жил нөхөр нь тэтгэвэртээ гарснаар тэд Испани улсад амьдрах болсон аж. Харин өнгөрсөн долоо хоногт нэгэн иргэн гудамжнаас Мими муурыг олж амьтан хамгаалах газарт хүргэж өгчээ. Түүний хүзүүвчинд суулгасан бичил чипнээс эзнийх нь утасны дугаарыг олж холбоо барьсан нь тэр байлаа. Гэрийн эзэн Ричард “Washington Post” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Итгэхийн аргагүй ховор тохиол. Энэ бол бидэнд илгээсэн Зул сарын баярын бэлэг байлаа” хэмээн хэлжээ. Тэд удахгүй Мимигээ очиж авахаар Америк руу ирэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.