images

М.Амархүү: “Хөдөлгөөнт өгүүлбэр буюу тэмээн жингийн шүлэг”

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-19


“Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын шилдэг 21-д үлдэхдээ уншсан “Хөдөлгөөнт өгүүлбэр буюу тэмээн жингийн шүлэг”-ийг хүргэе. Тэрбээр уг наадмын дэд байрын шагналыг хүртсэн билээ.

 

Хэн хэн гэх гурван үсэг нэр үгэнд хувирч

Жиндэж буй цасан дундуур гэрэлтэнэ

Тээх хэмээх үйл үгийг дагуулаад

Тэнгэр газрын зааг шугамаар гэлдэрнэ

Урт саарал сүүдрүүд нь тэмээдийнхээ хөлийг тушаад

Удаан явдалд зүүгдэх цасан чөдрүүд болно

Уран зуун дүрслэлүүд нь могой гүрвэлзэх шиг мөлхөөд

Удаж хөрссөн цасанд уйгаржин бичгээр үлдэнэ

Тэнгийн даамал эр эхний тэмээн дээр шоволзох нь

Тэмээгээр бичсэн өгүүлбэрийн том үсэг шиг үзэгдэнэ

Олон олон тэмээд нь энд тэнд хоргол хаясан нь

Оноосон нэрүүдийг тасалж таслал тавих шиг харагдана

Тэмчээ тэмчээ ачаанууд нь

Тэнчдийн аманд тоологдсоор

Тээгдэн очин очтолоо тэгшитгэл бодуулах дөхнө

Түүчээ хонхны дуу жинчдын чихэнд уягдсаар

Түмэн бээрийн холд аялгуу болохоо ч дөхнө

Тэмээдийн нүд дамжин бүлээн харцанд нь төөнөгдсөөр

Тэвгэн цагаан толгодын цас нь сэмжирч үзэгдэнэ

Атны тавганд бүлээцсэн мөрөөс бүр нь хайлсаар

Алаглан цоохортох  жимээр өвс эгэн харагдана

Хөр цаснаар хөдөлсөн хөдөлгөөнт өгүүлбэрийг

Хөдөө гуу, толгод, даваа гүвээтэйгээр нь уншина

Бурантган үеүдээр холбогдсон тэмээн тэмээн үгсийг

Бууж тухлан дурандаад эрлийн хүн үсэглэнэ

Энх мэнд хайрлах хөр замын сэтгэлүүд

Энэ хөсөг жингийн татлага болж яваа

Эсэн бусын сэтгэл, гэм сэжгийн үйлдлүүд

Энэ хөсөг жингийн татлаганд даруулаастай яваа

Энэ тэрийн харцанд бас давхар хүлээстэй яваа

Энгэрт нь асар тэргүүтэн хон хэрээнд гуагчаад

Энэ жингийн цувааг алсаас хараачилж яваа

Хөлийн бууц нь харлаж өвөлжөөний бараа үзэгдэх нь

Хөдөө буйдын анир гүм, амар амгалан тосох нь ээ

Хөхөмдөг жавар униарч аргалын утаа бургих нь

Хөхөө өвлийн аян амсхийж төгсөх нь ээ

Хонхны хэл жингэнэлгүй ажин түжинд живэх нь

Хол замын жинчид гэртээ ирэх нь тэр ээ

Хөсөг дагасан нохой ачааны хөлд хэвтэх нь

Хөдөлгөөнт өгүүлбэрийг төгсгөж цэг тавих нь тэр ээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.