Жон Кеннедийн аллагатай холбоотой баримтууд нууцын зэрэглэлээс гарав
Анд нөхдийн мэдээ
2022-12-16
АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн аллагатай холбоотой нууцын зэрэглэлд байсан материалын зарим хэсгийн ил болгожээ. Ерөнхийлөгч Жо Байдений зааврын дагуу уг материалыг ийнхүү нууцаас гаргаж байгаа бөгөөд тус улсын Архивын газар нийт 12879 хавтас материалыг ил болгосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр 16 мянган хавтаст материалын 70 орчим хувийг ийнхүү нууцаас гаргасан талаар Цагаан ордны албаны хүн мэдээлсэн байна. Харин улсын нууцтай холбоотой материалыг нууц хэвээр нь үлдээжээ. “Reuters” агентлаг энэ талаар “Нууцын зэрэглэлээс гаргаж буй материалд Ли Харви Освальд цорын ганц гэмт хэрэгтэн байсан гэсэн өмнөх дүгнэлт өөрчлөгдөхүй байх” хэмээн онцолсон байна. Харин ерөнхийлөгч Ж.Байден Холбооны агентлагууд болон Үндэсний архивийн газарт нууцын зэрэглэлд үлдсэн материалыг цаашид нууцлах шаардлагатай эсэхийг ирэх оны тавдугаар сарын 1-ний дотор хянаж, эргэн мэдээлэхийг үүрэг болгожээ. Одоогоос 59 жилийн өмнө буюу 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Техас мужийн Даллас хотод тухайн үеийн ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулж амиа алдсан юм. Тухайн үед мөрдөн байцаах албаныхан хэрэг гарснаас 10 сарын дараа, энэ хэргийг Освальд гэгч үйлдсэн гэж дүгнэсэн байна. Гэвч Освальдыг хуучин ЗХУ юм уу Куба улс захиалж Кеннедийн амийг хөнөөх тушаал өгсөн, Тагнуулын төв газар зэрэг хүчний байгууллагууд оролцсон гэх мэт таамаглалууд яригдсаар ирсэн юм. Тус улсын Архивын газар 1992 онд холбогдох хууль хэрэгжиж эхэлснээс хойш тус хэрэгтэй холбоотой нийт 55 мянга орчим баримт бичгийг ил болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.