Монголд суугаа АНУ-ын Элчин сайд бугалган дээрээ морь шивснээ харуулав
Анд нөхдийн мэдээ
2025-07-07
Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мэтью Фэрэнс манай улсад гурван жил ажилласны дараа нутаг буцаж байна. Энэ талаар өнөөдөр Элчин сайд Ричард Буанган яамныхаа албан ёсны Фэйсбүүк хуудсаар мэдээлжээ. Тэрбээр “Өнгөрсөн гурван жилийн турш миний бие ЭСЯ-ны дэд тэргүүн Мэтью Фэрэнстэй хамт Монгол дахь ЭСЯ-ыг удирдах хүндтэй үүргийг хүлээж ирлээ. Өнөөдөр тэр гэр бүлийнхээ хамт Монголоос явж байгаатай холбогдуулан найз, хамтрагч, ажлын нөхөртөө амжилттай ажилласанд нь баяр хүргэж байна. Бидний хамтдаа бүтээсэн дурсамж мөнхөд үлдэнэ” хэмээн бичсэн байна. Сонирхолтой нь, постынхоо төгсгөлд Р.Буанган “Одоо бүр ижил шивээстэй ч боллоо!” гээд нэгэн зургийг нийтэлжээ. Уг зурагт Р.Буанган, М.Фэрэнс нар цээж нүцгэн гарсан бөгөөд нэгнийх нь бугалга, нөгөөгийнх нь шуун дээр яг ижил жижиг морины дүрс шивээстэй байх аж. Элчин сайд энэ шивээсийг өмнө нь хийлгэсэн байж болох бол М.Фэрэнс харин дуурайж саяхан хийлгэсэн байж магадгүй байна. Р.Буанган нь манайд томилогдон ирснээсээ хойш Монголын соёл, уламжлалд ихээхэн хүндэтгэлтэй ханддагаа харуулсаар ирсэн бөгөөд энэ шивээс нь түүний уг хандлагын нэг илэрхийлэл байж болох юм. Филиппин гаралтай Р.Буанган манай улсад 2022 оны 10 дугаар сард томилогдон ирсэн билээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны дэд даргаар ажиллаж байв. Мөн Израиль, Хятад, Франц, Зааны ясан эрэг улсуудад ажиллаж байсан, франц, испани, хятад хэлтэй, мэргэжлийн дипломатч хүн юм. Харин М.Фэрэнс түүнээс хоёр сарын өмнө Монголд ирсэн, өмнө нь Лаос, Вьетнам, Ирак, Пакистан улсуудад ажиллаж байжээ.
Гэрэл зургуудийн эх сурвалж: www.facebook.com/USEmbMongolia
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.