images

“1984” зохиол ОХУ-д оны бэстсэллер болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


     Дарангуйлагч тоталитар дэглэмийг шүүмжилсэн Английн зохиолч Жорж Оруэллийн "1984" зохиол ОХУ-ын энэ оны бэстсэллер номоор шалгарлаа. Уг зохиол тус улсын "ЛитРес" номын онлайн дэлгүүрээс худалдан авсан тоогоор уран зохиолын төрөлд нэгдүгээрт, нийт номын төрөлд хоёрдугаарт орсон тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. “1984” зохиол нь анх 1949 онд хэвлэгдсэн бөгөөд авторитар дэглэмтэй улс орон суртал ухуулга, цензур, хүчирхийллээр дамжуулж дайныг алдаршуулдаг тухай бүтээл юм. Зохиолч 1984 онд ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталины улс төрийн үзэл номлолоос санаа авч уг зохиолоо бичсэн гэдэг. ЗХУ-д уг зохиолыг 1988 он хүртэл хориглож байв. Дарангуй төр иргэдийнхээ үзэл бодлыг хянаж, "үзэл санааны гэмт хэрэг"-т шийтгэж, олон нийтэд "Дайн бол амар амгалан, эрх чөлөө бол боолчлол" гэсэн ойлголтыг төрүүлдэг. Ийм харанхуй ирээдүйг харуулсан роман тус улсад бэстсэллер болсон нь оросуудын өнөөгийн нөхцөл байдалтай уялдан олон улсад анхаарал татаж байна. Владимир Путин энэ оны хоёрдугаар сард Украинд довтолсныхоо дараа суртал ухуулга, цензураа эрчимжүүлсэн юм. Тэрбээр сөрөг үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг Оросын армийн талаар худал мэдээлэл тараагч хэмээн шийтгэх шинэ хууль баталсан билээ. Украин улсад хийсэн түрэмгийлэл 10 дахь сардаа орж байх энэ цаг үед тус улс саяхан телевизийн нэвтрүүлгээсээ хөнгөн зугаа цэнгээний хөтөлбөрүүдийг хасчээ. Тус улсын хамгийн том телевиз болох “Нэгдүгээр суваг” өглөөний 9 цагаас шөнийн 3 цаг хүртэл 18 цагийн турш зөвхөн дайныг дэмжсэн суртал ухуулга нэвтрүүлж байна. Оросыг дэмжигч авторитар дэглэмтэй улс болох Беларусьт хүртэл 2020 онд "1984"  зохиол бэстсэллер болж байсан түүхтэй.

     Нөгөөтэйгүүр, Оросын эрх баригчид "1984"  бол Барууны хэв маягийн либерал ардчиллыг шүүмжилсэн зохиол гэсэн өвөрмөц тайлбарыг өгч байна. Тус улсын Гадаад яамны төлөөлөгч Мария Захарова "Бид Оруэлл тоталитар үзлийг шүүмжилсэн гэж олон жилийн турш бодож ирсэн ч энэ бол дэлхий даяараа буруу ойлгосон ташаа мэдээлэл" хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр "Оруэлл либерализм мухардалд орсон тухай өгүүлсэн. Тэр ЗХУ-ын тухай биш өөрийнхөө амьдарч байсан Барууны нийгмийн тухай өгүүлсэн юм” гэжээ. ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг уг зохиолын тухай аливаа мэдээлэлд ямар нэг хаалт хориг тавихгүй, харин ч олон нийтэд сурталчилж буй нь дээрх суртал ухуулгатай холбоотой хэмээн олон улсад үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.