images

Зуун дөчин жилийн өмнө баригдаж эхэлсэн барилга 2026 онд дуусна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


     Испани улсын Барселона хотод 140 жилийн өмнө баригдаж эхлээд одоо ч дуусаагүй байгаа "Sagrada Família" буюу "Ариун гэр бүлийн сүм" нэртэй цогцолбор сүм байдаг ажээ. Энэхүү цогцолборын анхны зураг дизайныг гаргасан Антони Гауди 1926 онд өөд болсон бөгөөд сүмийн захиргаа түүний нас барсны 100 жилийн ой тохиох 2026 онд багтааж уг цогцолбор барилгыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Зуун дөч гаруй жилийн турш баригдаж байгаа тус цогцолборын зургаан төв цамхгийн гурав нь баригдаж дууссан тухай тус сүмийн албан ёсны сайт өчигдөр мэдээллээ. Сүмийн Гэгээн Лукийн болон Гэгээн Маркогийн цамхагууд өнгөрсөн сард дууссан тул сүмийн захиргаанаас энэ сарын 17-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэл гэрэлтүүлгийг нь ажиллуулахаар болжээ. Хоёр цамхагийн оройд Христийн шашны уламжлалт бэлгэдэл болох далавчтай бух, арслан хоёрыг тус тус сийлсэн байна. Үлдсэн цамхаг болох Гэгээн Иоханы болон Гэгээн Матайн хоёр цамхагийг ирэх оны эцэс гэхэд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр дөрвөн цамхаг нь ижилхэн 135 метрийн өндөртэй юм. Үүнээс өмнө Гэгээн Маригийн цамхаг өнгөрсөн оны 12 дугаар сард баригдаж дууссан. “Ариун гэр бүлийн сүм” 2026 онд баригдаж дуусахад жилд гурван сая орчим жуулчин үзэж сонирхоно гэсэн тооцоо гаргажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.