Монголын 21 гэрэл зурагчны бүтээлийг Токио хотын үзэсгэлэнд дэлгэв
Чихэнд чимэгтэй
2025-06-06
Японы Гэрэл зургийн холбооноос зохион байгуулж буй “Токиогийн гэрэл зургийн сар 2025” үзэсгэлэнд Монголын 21 гэрэл зурагчны бүтээлийг долоон байршилд дэлгэхээр боллоо. Үзэсгэлэнг энэ сарын 2-нд нээсэн бөгөөд Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчний соёл, зан заншил, дүр төрхийг харуулсан зургууд дэлгэж байна. Тавдугаар сарын 20-ноос энэ сарын 23-ны хооронд “Canan Open” галерейд Ж.Амартүвшин, Б.Эрдэнэбулган, Э.Мөнхчулуун, П.Баатарзоригт, Б.Баяраа нарын зургийг дэлгэж байгаа бол “Lumix Base Tokyo” галерейд тавдугаар сарын 28-наас энэ сарын 29-нийг дуустал С.Тамирын гэрэл зургийг үзүүлж байна. Харин “Sony Imaging” галерейд Г.Батсүх, Ч.Итгэл, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Ш.Төмөрсүх нарын гэрэл зургийг өнөөдөр дэлгэх бөгөөд үзэсгэлэн 12-ныг хүртэл зургаа хоног үргэлжлэх ажээ. Мөн өнөөдөр “Tokyo” галерейд Б.Баярын, “OM System” галерейн үзэсгэлэнд өчигдөр Д.Октябр, Э.Ганбаярын гэрэл зургийг 16-ныг хүртэл Япон дахь монголчууд очиж үзэх боломжтой. Түүнчлэн энэ сарын 11-нээс наймдугаар сарын 31 хүртэл “Hanzomon” музейд Ц.Батбаатар, С.Бадамханд, Б.Нямгэрэлийн, долоодугаар сарын 3-8-ны хооронд “Hiltopia” урлагийн талбайд Т.Буян-Эрдэнэ, Т.Рэгзэн, Б.Мөнхтулга, Х.Золбоо нарын нүүдэлчин ахуйг буулгасан гэрэл зургуудыг дэлгэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.