Австралид жирийн батарейнаас дөрөв дахин илүү үр ашигтай батарей бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтэд өнөө цагт хамгийн түгээмэл хэрэглэгддэг литийн батарейг аль ч талаараа давахуйц үнэ цэнтэй батарей зохион бүтээснээ зарлалаа. Энэ нь жирийн давсны уусмалаар цэнэглэгддэг батарей юм. Сиднейн их сургуулийн ахлах судлаач Шэнлун Жаогийн хэлснээр энэ батарей нь ижил хэмжээтэй литийн батарейгаас дөрөв дахин их эрчим хүч хураадаг байна. Мөн жирийн давсны уусмалд тулгуурласан тул маш хямд өртөгтэйгээс гадна байгаль орчинд хоргүй байх аж. Ийм төрлийн батарей шинэ зүйл биш боловч нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд саад бэрхшээл байсныг тус сургуулийн эрдэмтэд арилгаж чадсан гэнэ. Өөрөөр хэлбэл батарейн нэг чухал бүрдэл хэсэг болох хүхрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бодож олсон нь урьд өмнө байгаагүй дэвшил болсон байна. Ингэснээр одоогийн батарейнаас хавьгүй илүү багтаамжтайгаас гадна өрөөний температурт хэд дахин урт хугацаагаар ажиллаж чадах батарей бүтээж чадсандаа Сиднейн их сургуулийн эрдэмтэд итгэлтэй байгаа ажээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг батарейн үндсэн түүхий эд нь литий, бал чулуу, кобальт гэх мэт газрын ховор элемент байдаг ба эдгээр нь өртөг өндөр, байгаль орчинд ихээхэн хор нөлөөтэйгөөс гадна тэдгээрийг олборлохын тулд усыг асар ихээр хэрэглэдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.