Бээжингийн эсэргүүцлийн улмаас зогссон Чингис хааны үзэсгэлэн Францад гарахаар болжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Францын Нант хотын түүхийн музейд 2021 оны эхээр гарах байсан боловч Хятадын эрх баригчдын эсэргүүцлийн улмаас цуцлагдсан Чингис хааны тухай үзэсгэлэнг нөхөн гаргах болсноо уг музей албан ёсоор мэдэгдлээ. Музейн эрхлэгч Бэртран Гиеэгийн хэлснээр Хятадын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотын музейгээс Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхтэй холбоо бүхий 225 үзмэрийг энэ үзэсгэлэнд тавихаар авах байсны оронд үнэ цэнийнхээ хувьд тэдгээртэй эн зэрэгцэх хэдэн зуун үзмэрийг Монголын Үндэсний түүхийн музейгээс авахаар болсон гэнэ. “Анхны төсөл Бээжингийн эсэргүүцэлтэй тулгармагц Монголын Засгийн газар яаралтай арга хэмжээ авсан. Тус улсын ерөнхийлөгч Засгийн газрын сайдуудаа хөдөлгөж, бидэнд музейн үнэт үзмэрүүдээ түр ашиглуулахаар үүрэгдсэн” хэмээн Гиеэ хэлжээ. Түүгээр барахгүй дэлхийн бусад улсын томоохон музей ч энэ үзэсгэлэнг гаргахад оролцон туслахаар болсон гэнэ. Гиеэ мөн энэ талаар хэлэхдээ “Бээжингийн эсэргүүцэл нь харин ч тустай явдал боллоо. Бээжингийн бурангуй хандлагад эгдүүцсэн Америк, Европын музей, соёлын байгууллагууд бидэнд туслахаа илэрхийлсэн нь музейн эв нэгдлийн бахархам жишээ болж байна” гэжээ. “Тэр бүү хэл Тайвань улс хүртэл Монголын соёлын эд өлгийн зүйлсийн маш баян хөмрөгтэй музейгээсээ үнэт бүтээлүүдийн хуулбар, тэр дундаа Чингис хааны эш хөргийн хуулбарыг үзэсгэлэнд явуулахаа амласан” гэж Гиеэгийн өгүүлснийг Францын хэвлэлүүд эш татсан байна.
2020 оны 10 дугаар сард Хятадын эрх баригчид Чингис хааны тухай үзэсгэлэнгийн үеэр ашиглагдах танилцуулга, брошюр, газрын зураг зэрэг материалуудад "Чингис хаан", "Эзэнт гүрэн", "Монгол" зэрэг үгийг ашиглахгүй байхыг шаардсанаар зохион байгуулагчид нь төслөө зогсоосон бөгөөд "Хятадын засгийн газраас монгол үндэстний эсрэг байр сууриа чангатгаж байгаатай холбоотойгоор” хэмээн тайлбарласан билээ. Энэ удаа үзэсгэлэнг 2023 оны 10 дугаар сард нээхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.