Хулгайд алдагдсан эртний зохиолыг буцаан авчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Тавин жилийн өмнө Швейцарийн нэгэн номын сангаас алдагдсан XV зууны үеийн хоёр боть эртний зохиол АНУ-аас олджээ. Олдсон даруйд нь уг номыг эх нутагт нь буцаан өгсөн бөгөөд анх хадгалагдаж байсан Фрайбург их сургуулийн номын санд очжээ. Энэхүү хоёр боть ном нь ангаахын чиглэлийн ном болох “Ой санамжийг сайжруулах нь” болон Германы зохиолч Себастьян Брантын “Тэнэгүүдийн хөлөг онгоц” хэмээх хошин зохиол аж. Тус хоёр ном Фрайбург их сургуулийн Франциско сүмийн номын санд хадгалагдаж байгаад 1970 онд гэнэт алга болсон юм. Ватиканы соёлын өвийн мэргэжилтэн гэсэн хуурамч дүрээр ирсэн нэгэн этгээд тус номын сангаас хэд хэдэн номыг үзэж шинжлэх шаардлагатай хэмээн хууран мэхэлж аваад буцааж өгөөгүй ажээ. Улмаар уг ном цааш зарагдаж явсаар Америкийн нэгэн цуглуулагчийн гарт очсон бөгөөд цуглуулагч хадгалж байгаад Вашингтоны Конгрессийн номын санд хандивласан байна. Энэ хугацаанд Фрайбург их сургууль эртний ховор эдлэлийн зах, дуудлага худалдаа, номын сан, музей зэрэг газраар эрж хайсаар тус номын санд байгааг олж мэдсэнээр ийнхүү буцаан авсан ажээ. Их сургуулийн албаны хүн “Бидний эргүүлж олж авсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” хэмээх энэхүү ном нь шашны реформын өмнөх үеийн утга зохиолын ертөнцөд бестселлер болж байсан бөгөөд Дундад зууны сүүл үеийн хошин уран зохиолын гол төлөөлөл болсон бүтээл юм” гээд энэ гайхамшит бүтээлийг буцаан авсан явдлыг Зул сарын баярын бэлгээ урьдчилж авсантай зүйрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.