images

Беларусийн ерөнхийлөгч улс төрийн хоригдлуудыг суллав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-08


   Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Ялалтын баярыг тохиолдуулан  улс төрийн 42 хоригдолд өршөөл үзүүлсэн талаар Тамгын газрынх нь хэвлэлийн алба албан ёсоор мэдээллээ. "Хэт даврах” гэсэн зүйл ангиар ял эдэлж байсан эдгээр хүмүүсийн 18 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй ажээ. "Өршөөгдсөн ялтнуудын 13 нь архаг өвчтэй, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй" хэмээн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Мөн 24 хүн насанд хүрээгүй хүүхэдтэй, хоёр нь олон хүүхэдтэй, 10 хүн 50-иас дээш настай, нэг нь тэтгэврийн насанд хүрсэн гэнэ. "Тэд бүгд өршөөл хүсч өргөдөл гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Беларусийн ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгджээ. Улс төрийн хоригдлуудад А.Лукашенкогийн өршөөл үзүүлсэн нь энэ оны  хувьд анхных бөгөөд 2024 онд нийтдээ долоон удаа ийм зарлиг гаргасан юм. Хэдийгээр ийм алхмууд хийж байгаа боловч тус улсад төр засгийг шүүмжилж буй хүмүүсийг хяхан хавчих явдал гарсаар байгааг Барууны хэвлэлүүд тэмдэглэж байна. Тухайлбал, 2020 онд А.Лукашенкогийн эсрэг ардчилсан хөдөлгөөнд оройлон оролцсон, 78 настай Нина Багинскаяг саяхан эрүүгийн хариуцлагад татсан билээ. Түүнийг буруутай гэж үзвэл гурван жилийн хорих ялаар шийтгэх заалттай аж.  

Гэрэл зургийн эх сурвалж: "Getty Images"

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.