images

Б.Мөнгөнтуул "TheMongolZ" багт нэгдсэнээс хойш хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-06


   Шатрын олон улсын мастер Б.Мөнгөнтуул "The MongolZ" багийн тамирчин болсноос хойш хоёр дахь олон улсын тэмцээндээ мордлоо. Тэрбээр өнгөрсөн сард Энэтхэгт болсон “Fide Women's Grand Prix-2025” ​​тэмцээнд 10 дугаар байр эзэлж, 4000 еврогоор шагнуулсан билээ. Тэгвэл энэ удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө Арабын Нэгдсэн Эмират улсыг зорив. 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр тус улсын Аль-Айн хотод эхэлж, 34 орны 262 тамирчин энэ сарын 16-ныг дуустал өрсөлдөх юм. Энэ тэмцээнд манай улсын Үндэсний шигшээ багаас их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул, ОУМ С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар оролцох юм. Харин шигшээ багийн бус тамирчдаас Их мастер Д.Номин-Эрдэнэ, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, залуу тамирчин З.Нарансолонго, З.Наранзаяа,  ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар өрсөлдөнө. Дэлхийн цомын төлөө тэмцээний эрх олгох тус тэмцээнд Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын шатарчдаас гадна Их мастер 53, эмэгтэй Их мастер 19, Олон улсын мастер 228 шатарчин бүртгүүлжээ. Монголын шатарчид тус тэмцээний хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар медалийн тавцанд гарч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.