Турк: 2023 оны газар хөдлөлтөд гэр бүлийнхнээ алдсан хоёр багш хуримлав
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
2023 онд Туркийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлж гамшиг болоход эхнэр, нөхөр, үр хүүхдээ алдсан хоёр багш хуримлажээ. Олны сэтгэлийг хөдөлгөсөн тэдний хурим Газиантеп хотын Ислахие дүүрэгт өчигдөр болсон байна. Тус хотын Нурдагы дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, 46 настай Мэхмэт Айдин, биеийн тамирын багш, 42 настай Айсэ Орсдемир нар 2023 оны хоёрдугаар сарын 6-нд Кахраманмарашт болсон 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтөд гэр бүлийнхнээ алджээ. Газар хөдлөлтийн улмаас Туркийн 50 мянган иргэн амиа алдсан юм. Тэр үед М.Айдин нуранги доороос 72 цагийн дараа аврагдсан боловч эхнэр, хоёр хүүхэд нь нас баржээ. Тухайн үед Османие хотод байсан А.Орсдемир мөн л нөхөр, хоёр хүүхдээ алдсан байна. Хоёр багш 2024 оны Багш нарын баярын өдөр, газар хөдлөлтөд өртсөн 11 багшид хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр танилцжээ. Тэдний уй гашуу адил байсан тул нэгнээ гүнзгий ойлгож, сэтгэл зүрхээрээ холбогдсон гэнэ. Ингээд танилцсанаасаа хойш дөрвөн сарын дараа гэрлэхээр шийджээ. Ислахие дүүргийн бага сургуулийн танхимд хийсэн тэдний хуриманд ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцсон байна.
Эх сурвалж: "Daily Sabah" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.