Монгол улс Филиппиний сонгуулиас туршлага судална
Чихэнд чимэгтэй
2025-05-06
Филиппин улс энэ сарын 12-нд үндэсний болон орон нутгийн сонгуулиа явуулах гэж байна. Тэгвэл уг сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах ажлыг манай улсын Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамнаас зохион байгуулахаар болжээ. Филиппиний Сонгуулийн хороо энэ жил анх удаа гадаадын 77 улсад байгаа 1.2 сая иргэнийхээ санал өгөх эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь цахимаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт (E2EE), блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа ажээ. Тэгвэл энэ туршлагад үндэслэн хилийн чанад дахь монгол иргэдийнхээ саналыг цахимаар өгүүлэх боломжийг судална хэмээн Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдэгдсэн байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлт гаргаснаар манай улс 2012 оноос хилийн чанад дахь иргэдийнхээ санал өгөх эрхийг хуулиар хангасан юм. Гэсэн хэдий ч тэд энэ эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байгаа тул олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байгаа нь энэ ажээ. Яамны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонийн туршлагыг судалсан удаатай. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа бүх нийтийн сонгуульд интернэтээр санал өгөх i-Voting систем нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51 хувь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.