images

Швед: Хандгайн сүргийн хаврын нүүдлийг телевизээр 478 цаг шууд дамжуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Шведийн умард нутгаар бараг гурван долоо хоног үргэлжилсэн хандгайн сүргийн нүүдлийг тус улсын SVT телевиз 24 цагаар шууд дамжуулсныг олон сая үзэгчид үзжээ.Associated Press” агентлагийн мэдээлснээр, хандгайн нүүдэл хаврын цагт Стокгольмоос хойд зүгт 290 км-ийн зайд орших Онгерман голыг гатлан ​​бэлчээр хөөн нүүдэллэдэг бөгөөд үүнийг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс энэ сарын 4-ний өдөр хүртэл цахимаар нийт 478 цаг шууд дамжуулжээ. Шууд нэвтрүүлэг тодорхой өгүүлэмж байхгүй, зүгээр л хандгайн сүргийн хөдөлгөөнийг дагаж үзэгчдэд хүргэсэн бөгөөд албан ёсны тоо хараахан гараагүй байгаа ч сая сая хүн үзсэн гэнэ. Хандгайн сүргийн жил бүрийн хаврын нүүдэл нь шведүүдийн хамгийн их сонирхлыг татдаг үзэгдэл юм. Анх энэ нүүдлийг 2019 онд SVT телевизээр шууд дамжуулсан бөгөөд эхний жилдээ нэг сая хүн үзсэн бол өнгөрсөн жил үзэгчдийн тоо есөн саяд хүрчээ. Норвегийн олон нийтийн NRK телевиз 2009 онд Бергенээс Осло хүрэх долоон цагийн галт тэрэгний аяллыг шууд дамжуулж, олны сонирхол татаж байсан ч үзэгчдийн тоогоороо хараахан энэ амжилтад хүрээгүй юм. Шведийн Йонкопингийн их сургуулийн профессор Аннет Хилл энэ удаагийн шууд нэврүүлгийн талаар хэлэхдээ "Үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтдын амьдрал хүмүүсийн сонирхлыг ямар ч зохиомол нэвтрүүлгээс илүү татдаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.