Испани, Португал даяар цахилгаан гэнэт тасрав
Анд нөхдийн мэдээ
2025-04-29
Испани, Португал улсад өчигдөр үдээс хойш гэнэт эрчим хүч тасарч төмөр зам, агаарын тээврийн болон харилцаа холбооны үйлчилгээ бүрэн зогссон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Испанийн нийслэл Мадрид, Барселона зэрэг хотууд, Португалын нийслэл Лиссабонд цахилгаан бүрэн тасарчээ. Испанитай хиллэдэг Францын өмнөд нутаг ч үүнд нэрвэгдсэн байна. Испанийн эрчим хүчний сүлжээний “Red Electrica” компанийн албаны хүний хэлснээр, цахилгаан тасарсан шалтгаан хараахан тодорхойгүй байгаа бөгөөд эрчим хүчийг сэргээхэд 6-10 цаг шаардлагатай аж. Цахилгаан тасарснаас хойш 11 цаг өнгөрсний дараа гэхэд нийт нутгийн хагаст эрчим хүчний хангамж сэргэсэн байна. Үүний улмаас Испанийн хотуудын хөдөлгөөн зохицуулалтад олон зуун замын цагдааг нэмэлтээр гаргажээ. Мөн метро, цахилгаан шат, зарим газарт хурдны галт тэрэг бүрэн зогссоноор олон мянган хүн зам дээр гарч ирсэн байна. Улмаар интернэт тасарч, үүрэн телефоны сүлжээ саатсанаас хүмүүс хоорондоо холбоо барьж чадахгүй байгаа аж. Испани, Португалын Засгийн газар яаралтай хурал зарлаж, нөхцөл байдлыг үнэлэн шуурхай хариу арга хэмжээ авч байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес "Бидэнд цахилгаан тасарсан шалтгааны талаар эцсийн мэдээлэл хараахан ирээгүй байна" гээд, энэ талаар ямар нэгэн хоосон таамаг, цуу яриа дэгдээхгүй байхыг ард иргэддээ уриалав. Харин Португалын Засгийн газрын албаны хүн хэлэхдээ, цахилгааны тасалдсан нь Испанийн цахилгаан түгээх сүлжээний доголдолтой холбоотой гэсэн байна. Европын комисс Испани, Португалын Засгийн газар болон Европын цахилгаан дамжуулах системийн оператортой холбоо барьж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдээд "Кибер халдлагын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.