Герман, Дани улсууд далайн гүний хонгилоор холбогдоно
Анд нөхдийн мэдээ
2025-04-23
Герман, Дани улсыг холбосон дэлхийн хамгийн урт далайн гүний хонгилыг 2029 онд барьж дуусгахаар төлөвлөж байна гэж ВВС мэдээлэв. Энэ нь Балтийн тэнгис дэх Данийн өмнөд хэсгийн Лолланд арлыг Германы хойд хэсгийн Фехмарн аралтай холбосон 18 км урт Фемарнбелтийн туннель юм. Далайн гүний ихэнх хонгилуудаас ялгаатай нь хуурай газарт барьсан 90 гаруй жижиг байгууламжийг далайн гүнд оруулан хооронд нь лего тоглоом шиг угсарч холбох ажээ. Барилгын нийт өртөг нь 7,4 тэрбум евро бөгөөд Дани улс санхүүжилтийн ихэнхийг гаргаж, дээрээс нь Европын Холбооны Комисс 1,3 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлсэн байна. Дөрвөн эгнээтэй авто зам, хоёр эгнээтэй төмөр замаас бүрдэх уг хонгил ашиглалтад орсноор Дани, Германы хооронд зорчих хугацааг богиносгож, Скандинавын хойг болон Герман зэрэг Төв Европын орнуудыг холбох юм. Лолланд арлаас Фехмарн арал хүртэл гатлага онгоцоор өнөөдөр 45 минут явдаг бол хонгил ашиглалтад орсноор автомашинаар 10 минут, галт тэргээр 7 минут зорчино. Мөн Дани улсын Копенгаген хотоос Германы Гамбург хүртэл галт тэргээр явах хугацаа хоёр дахин богиносно. Герман, Дани улсууд анх 2008 онд энэ төслийг эхлүүлэхээр тохиролцсон ч Германы байгаль орчны бүлгүүдийн эсэргүүцлийн улмаас хойшлогдоод байсан юм. Барилгын ажлыг хариуцсан Данийн төрийн өмчит “Femmern” компани хонгилыг 2029 онд ашиглалтад оруулснаар өдөр бүр 100 гаруй галт тэрэг, 12 мянга орчим автомашин зорчино хэмээн тооцоолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.