Их Британийн сан Монголын хавтгай тэмээг хамгаалах гэрээгээ таван жилээр сунгажээ
Чихэнд чимэгтэй
2025-04-18
Их Британийн Хавтгай тэмээ хамгаалах сан Монголд нэн ховордсон хавтгайг хамгаалах ажлыг 2003 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тус сангаас Говийн их дархан цаазат газарт хавтгай үржүүлэх, судалгааны төв байгуулан үйл ажиллагааг нь хэвийн явуулах, өвс тэжээл бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийг олгож ирсэн юм. Тэгвэл энэхүү хамтын ажиллагааг таван жилээр сунгах гэрээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Их Британийн Хавтгай тэмээ хамгаалах сангийн үүсгэн байгуулагч Кэтрин Рэйтэй өчигдөр байгуулсан байна. Гэрээнд хавтгай тэмээг өсгөн үржүүлэх, тархац нутгийг хамгаалах, судалгаа шинжилгээ хийж олон улсын хэмжээнд сурталчлан таниулах ажлуудыг тусгажээ. Дэлхий дээр хавтгай нь зөвхөн Монгол, Хятадын цөлийн бүсэд байдаг бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбоо устах аюулд орсон нэн ховор зүйл хэмээн ангилсан байдаг. Манай улсын хавтгайн популяци 1985 оноос хойш 46 хувь багассан бөгөөд энэ байдал цааш үргэлжилбэл 2033 он гэхэд тоо толгой нь 84 хувь хүртэл буурах магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.