images

Урт цагааны түрээслэгчдэд талбай гаргаж өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-18


   Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, оронд нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл уг байгууламжийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дууссан бөгөөд дээрээ цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт бүхий авто зогсоолыг долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ. Харин есдүгээр сард цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд гурван давхар үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч “Бодь Пропертийз” компанийн ахлах инженер Д.Пүрэв-Очир мэдэгдсэн байна. Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн нь дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, задгай театртай байх ажээ. Харин үйлчилгээний барилга нь нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэргийг багтаах гэнэ. Зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” компанийн архитектор С.Батзориг "Өмнөх Урт цагааны барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулж түрээслэх талбайг шийдэж өгсөн. Нэрт архитекторч Б.Дамбийнямын зургаар хийсэн түүхэн дурсгалт барилгын суурин дээр хэрэгжүүлж буй төсөл учраас их ач холбогдол өгч байна” хэмээн ярьжээ. 1961 онд ашиглалтад орсон “Урт цагаан” төвийн барилгыг өнгөрөгч оны нэгдүгээр сард нураасан юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.