images

Лодонгийн Түдэвийн сонгомол бүтээлүүдийг 12 ботиор хэвлэн гаргажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-04-17


   Мэндэлснийх нь 90 жилийн ой энэ онд тохиож буй Монгол улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн сонгомол бүтээлийг “Sayan publishing” хэвлэлийн газар 12 ботиор гаргажээ. 1955 оноос туурвилаа эхэлж уран зохиол, сэтгүүл зүй, судалгааны асар их өв үлдээсэн Л.Түдэвийн бүтээлийн томоохон түүвэр хамгийн сүүлд “Мобиком” корпорацийн ивээн тэтгэлгээр 2002 онд хэвлэгдэж байв. “Сонгомол бүтээлүүд” хэмээх энэ түүвэрт зохиолчийн хамгийн алдартай “Уулын үер”, “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм”, “Бүгд найрамдах улсын анхдугаар он” роман, “Малчин Ө-гийнд ноён Ө зочлов”, “Хорвоотой танилцсан түүх” туужуудаас гадна эсээ, туульсууд, монгол ёс заншлын талаарх судалгааны бүтээлүүдийг ботилон хэвлэжээ. “Sayan publishing” хэвлэлийн газар сүүлийн жилүүдэд Л.Түдэвийн роман, тууж, эсээнүүдийг цувралаар албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргаж ирсэн юм.    

   Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо  “Сонгомол бүтээлүүд” 12 ботийн өмнөх үгэнд “Лодонгийн Түдэв гуай  Монгол улсын нийгэм, улс төр, соёл, утга зохиол, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, сэтгүүл зүй, олон улс, нийгмийн харилцааны олон салбарт үр бүтээлтэй ажиллаж бүхий л амьдрал, албан үүрэг, бүтээлч үйлс нь хоорондоо хамааралтай нэгдмэл цогц үйлс болсон баялаг намтар, олон арван боть оюуны өвийг хойч үедээ  өв болгон үлдээжээ. Түүний бүтээл хоёр мянгаад оны эхээр эхлээд 25 ботиор хэвлэгдэж байлаа. Тэр насан өндөр болсон ч тасралтгүй туурвисаар, хэвлэгдсээр 40 боть хүрч уншигчдын номын санг баяжуулсан хэдий ч өдгөө бас л олдошгүй ховор эрдэнэс болж, уншигчид эрэл сурал болсоор байна” хэмээн бичжээ.

   Говь-Алтай аймгийн Наран суманд 1935 онд төрсөн Л.Түдэв Багшийн дээд сургуулийг 1956 онд төгссөн бөгөөд аймгийн сургуулийн багш, “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, “Соёл утга зохиол” сонины эрхлэгч, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины эрхлэгчээр 1996 он хүртэл ажилласан юм. Улмаар Монголын анхны зөгнөлт “Дал” сониныг 2020 онд насан өөд болтлоо эрхлэн гаргаж байв. Түүний бүтээлүүд хилийн чанадад орос, англи, болгар, чех, унгар, беларусь, узбек, казах, украин, герман, япон хэлээр хэвлэгдэн гарсан билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.