images

Б.Мөнгөнтуул Польшийн шилдэг шатарчныг хожлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-17


   Энэтхэгийн Пүнэ хотноо болж буй Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээний тав дахь цувралын гуравдугаар өрөгт Олон улсын мастер Б.Мөнгөнтуул Польшийн Алина Кашлинскаяг хожлоо. А.Кашлинская бол Польшийн төлөө тоглодог орос тамирчин бөгөөд энэ жилийн “Гран-При” тэмцээний Гүржийн Тбилиси хотод болсон эхний цувралын аварга юм. Ийнхүү Б.Мөнгөнтуул хоёр хожиж, нэг хожигдон хоёр оноотой болж нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байраас гурав руу ахив. Одоогоор Хятадын Жу Жинэр 2.5 оноотой, Энэтхэгийн Хампи Конеру хоёр оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байна. Б.Мөнгөнтуулын өнөө оройн учраа Болгарын тамирчин Нургюл Салимова юм. Сонирхуулахад, “Гран-При” тэмцээн зургаан цувралтай бөгөөд дэлхийн хамгийн шилдэг 20 эмэгтэй шатарчин арав, арваараа өрсөлдөж байгаа билээ. Эцэст нь гурван цувралын дүнгээр эхний аравт багтсан шатарчид ДАШТ-д өрсөлдөх эрх авна. Манай тамирчин өмнө нь болсон Казахстаны тэмцээнд арав, Монакогийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.