Америкт дэлгэрээд буй “бэлтгэгдсэн иргэд” гэх бүлэг хүмүүс ямар зорилготой вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-11
АНУ-ын Флорида мужийн Лисбург хотод өглөө эрт өнгөлөн далдлагч дүрэмт хувцас өмсөж, буу агссан арваад хүн цугларсан нь цэрэг армийн дайчид биш байлаа. Тэд сувилагч, нисгэгч, барилгачин гээд бүгд энгийн иргэд бөгөөд хүн төрөлхтөнд тулгарч болзошгүй гамшигт бэлэн байхын тулд сайн дураараа бэлтгэл сургалтад хамрагдаж буй иргэд аж. “The New York Times” сонины мэдээлснээр, байгалийн гамшиг, түрэмгий дайн, халдварт өвчний тархалт зэргээс үүдэн хүн төрөлхтний өмнө тулгарч буй хямрал улам хурцдаж байгаа энэ үед хүмүүс сайн дураараа нэгдэж, "бэлтгэгдсэн иргэд" нэрийн дор гамшгаас сэргийлэх бэлтгэл сургууль хийж байна. Энэ сургалтыг “Barrel and Hatchet” байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд болзошгүй гамшигт бэлэн байхын тулд харилцаа холбоо, эмчилгээ, шөнийн буудлага, нисгэгчгүй онгоцоор тагнуул хийх, галт зэвэг эзэмших зэрэг сургалт явуулж байгаа аж. Тус байгууллагыг үүсгэн байгуулагч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Эрик Рочер 2022 онд Орос улс Украинд халдан довтлох үеэр энгийн иргэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй, яахаа мэдэхгүй гудамжинд гарч байсныг хараад ихэд харамссан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Гамшиг нүүрлэхэд санаж явах зүйлс” нэртэй видео бичлэгүүдийг YouTube, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд байршуулж, зэвсэгт халдлага, алан хядагчид, эдийн засгийн уналт зэрэг нийгмийн онцгой байдал үүссэн үед хэрхэх талаар жирийн хүмүүст мэдээлэл хүргэж байна. Энэхүү сургалт бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр хүрээгээ улам бүр тэлж байна. Тэд “Бидэнд Рэмбо болох ямар ч сонирхол байхгүй. Гэвч цар тахал, хар салхи, дайн самуун зэрэг аюулын үед өөрийгөө хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй урган гарч байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.