images

Өмнөд Судан: Монголын 80 цэрэг халдлагад өртсөн нутгийн иргэдийг хамгаалж байна

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2025-04-11


   Өмнөд Судан дахь Юнити мужийн баруун хойд хэсэгт орших Абьемном сууринд энэ сард зэвсэгт халдлага гарсны улмаас олон хүн дүрвээд байна. Тухайлбал, оршин суугчид гэр орноо орхиж, Аяккуач суурин руу 13 мянга, Абьеи суурин руу долоон мянган хүн дүрвээд байгаа аж. Харин зугтах боломжгүй үлдсэн өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдээс хамгаалалт хүсэж очсон байна. Энхийг сахиулагчид өнгөрсөн наймдугаар сард Абьемном суурингийн ойролцоо түр хамгаалах бааз байгуулсан бөгөөд халдлагад өртсөн нутгийн иргэдийг хүлээж авч, 24 цагаар эргүүлд гарч байна. НҮБ-ын UNMISS цахим хуудсанд өчигдөр гарсан мэдээллээр, энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнөөр иргэдийн гэр орныг шатааж, эрүүл мэндийн төв зэрэг албан газруудад халдсанаар 20 орчим мянган хүн дүрвэжээ. Улмаар 46 хүн амиа алдаж, 36 хүн шархадсаны дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байгаа аж. Абьемном  хотын оршин суугч Мэри Няжуор хэмээх эмэгтэй НҮБ-ын төлөөлөгчид ярихдаа, "Эх хүний хувьд гүнээ харамсаж байна. Одоо цорын ганц найдвар бол энхийг сахиулагчид биднийг хамгаалж байгаа явдал" гэжээ. Энэ талаар UNMISS энхийг сахиулах ажиллагааны командлагч, хошууч Д.Болдбаатар "Хурцадмал байдал хэвээр байгаа учраас Монголын 80 энхийг сахиулагч бэлэн байдалд байна" гэсэн байна.

Гэрэл зургийг: "United Nations Mission in South Sudan" сайтаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.