images

99 жилийн өмнө номын сангаас зээлж авсан ном эргэн иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-11


   Одоогоос 99 жилийн өмнө буюу 1926 оны гуравдугаар сард АНУ-ын Нью-Жерси мужийн Өүшн Каунти тойргийн номын сангаас зээлж авсан "Home Made Toys for Girls and Boys" хэмээх номыг саяхан буцааж ирүүлсэн тухай CNN мэдээлэв. 1911 онд анх хэвлэгдсэн энэ номонд мод, төмөр зэрэг гарын доорх эд зүйлсийг ашиглан хүүхдийн тоглоом хийх зааврыг зураг чимэглэлээр баяжуулан өгүүлсэн байдаг аж. Эдүгээ 81 настай Мэри Күпер хэмээх эмэгтэй талийгаач ээжийнхээ эд зүйлсийг цэгцэлж байхдаа уг номыг олоод нээж үзэхэд, хавтасны дотор талд номын сангаас зээлж авсан болон буцааж өгөх огноог тэмдэглэсэн карт байсан аж. Номыг зээлж авсан хүн нь М.Күперийн өвөө байжээ. 1927 онд нас барсан өвөө нь өөд болохоосоо нэг жилийн өмнө уг номыг авсан байх бөгөөд тэрбээр охиндоо буюу  М.Күперийн ээжид тоглоом хийж өгөх гэсэн аж. Үүнийг баталсан баримт ч олдсон бөгөөд М.Күперийн ээжийнх нь олон жил хадгалсан тоглоомон завьтай адилхан зураг уг номд байв. Номын сангийн ажилтнууд "Манай байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед 99 жилийн өмнө авсан ном эргэн ирсэн нь бурхны ивээл гэлтэй" хэмээн ихэд бэлгэшээж буйгаа ярьжээ. Улмаар уг номыг хугацаа хэтрүүлсэн торгуулиас чөлөөлж, үзэсгэлэнгийн танхимд байршуулахаар болсон байна. Фин хэлээр гарсан Артур Конан Дойлын "The Refugee" ном Финландын Хельсинкийн төв номын санд өнгөрсөн оны зургадугаар сард буюу 84 жилийн дараа эргэн ирж байсан удаатай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.