Хоолны дэглэмээр биш оюун санааны хүчээр жингээ хасаж болно
Анд нөхдийн мэдээ
2025-04-11
Хүн зөвхөн оюун санааныхаа хүчээр хурдан хугацаанд жингээ хасаж болдог тухай мэдээлэл олны анхаарал татаж байна. “Тhe New York Post” сонины мэдээлснээр Америкийн иргэн, “TikTok” сүлжээг идэвхтэй ашигладаг Лиха Уриэль хэмээх бүсгүй оюун бодлынхоо хүчээр жингээ хасаж чадсан тухай туршлагаасаа нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр "Өөрийгөө гоолиг туранхай гэж бат нот итгэн, үг, үйлдэл болгондоо жингийн илүүдэлгүй мэтээр өөртөө итгэлтэй хэсэг зуур аж төрөхөд 18 кг жин хассан” гэжээ. Л.Уриэль далд ухамсрын тухай ном уншиж байхдаа ийм аргыг олж мэдсэн бөгөөд үүний цаад санаа нь “өөрийгөө хуурах” явдал юм. Тэрбээр "Би жингийн илүүдэлтэй байсан ч өөрийгөө туранхай гэдэгт итгэж эхлэхэд өөрийн мэдэлгүй хоолны дэглэм барьж, одоо байгаа галбираа алдах вий гэсэн болгоомжлол бий болсноор хоолны дуршил хүртэл буурдаг болохыг олж мэдсэн” гэсэн байна. Үүнээс хойш тэрбээр улам цэвэрч нямбай болж, гэр орноо цэвэрлэх, хувцас угаах зэргээр өөрийн мэдэлгүй байнгын хөдөлгөөнтэй байдаг болжээ. Цахим сүлжээнд түүний нийтэлсэн бичлэгийг дөрвөн сая орчим хүн үзэж, ихэнх хүмүүс зөвлөгөө хүссэн байна. Энэ аргыг мэргэжилтнүүд маш үр дүнтэй арга гэдгийг ч онцолж байгаа ажээ. Вермонтын Анагаах ухааны сургуулийн профессор Меган Гарсиа дээрх аргын тухайд "Өөрийгөө хуурах" гэсэн энэ нэр томьёо сөрөг утгатай боловч заримдаа эерэг үр дүн авчирдаг” гэжээ. Харин үүнийг хэтрүүлбэл сөрөг нөлөөтэй байж болохыг мөн зөвлөсөн байна. Тухайлбал, зорьсон жиндээ хүрсэн ч хоолны илчлэгийн хэрэглээг хатуу хязгаарласан хэвээр удаан байвал эрүүл мэндэд хортой байх мадаглалтай гэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд жингээ барихын зэрэгцээ эрүүл, зохистой хооллоход анхаарах шаардлагатайг профессор онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.