Харвардын их сургуулийн профессор Америк, Хятадын сөргөлдөөн дайнд хүргэж болзошгүйг анхааруулав
Анд нөхдийн мэдээ
2025-04-10
Сүүлийн үед АНУ, Хятадын хооронд өрнөөд буй тарифын сөргөлдөөн нь энгийн худалдааны зөрчлөөс хальж, ноёрхлын төлөөх тэмцлийн дүр төрхтэй болж ирж байна хэмээн Харвардын их сургуулийн профессор Г.Аллисон дүгнэжээ. АНУ-ын явуулж буй татварын бодлогод Хятад улс хариу үйлдэл үзүүлснээр зөрчилдөөн ширүүсч байгаа бөгөөд асуудлын гол нь хоёр орны сөргөлдөөн бодлогын зөрчлөөс хальж, систем хоорондын өрсөлдөөн болон хувирч байна хэмээн тэрбээр үзсэн төдийгүй энэ үйл явц гүнзгийрвэл дайнд хүрч болзошгүйг анхааруулсан байна. Улмаар энэ зөрчил даамжирвал дэлхийн эдийн засгийг уналтад хүргэнэ гэнэ. Г.Аллисон энэ зөрчлийг "Фукидидын урхи" хэмээн тодорхойлсон байна. Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ харилцааны хэд хэдэн хүнд хямралыг туулж гарахдаа дайн байлдаангүйгээр зэрэгцэн оршиж байв. Фукидидын урхинаас гарах арга зам нь бие биенээ дайсан биш нийтлэг бэрхшээлийг хамтдаа даван туулах түнш гэж үзэх ёстой бөгөөд хоёр улс түүхээс сургамж авбал энэ сорилтыг амжилттай даван туулах нь тийм ч хэцүү биш болохыг Г.Аллисон онцолжээ.
Фукидидын урхи гэдэг томъёолол нь түүхэн бодит учир шалтгаантай юм. МЭӨ 431-404 онд Газар дундын тэнгист шинээр хүчирхэгжин гарч ирсэн Афин болон хүчирхэг гүрэн Спарта хоёрын хооронд “Пелопоннесийн дайн” хэмээх томоохон тулалдаан өрнөсөн билээ. Эртний Грекийн түүхч Фукидид энэ дайныг "Афин хүчийг олсноор Спарта гүрэнд айдас төрүүлж, энэ айдас нь явсаар дайныг өдөөсөн" гэж тайлбарласан байдаг. Тухайн үед Афин эдийн засаг, тэнгисийн цэргийн хүчинд тулгуурлан хурдацтай хөгжиж байсан бөгөөд Спарта үүнийг ноцтой аюул гэж үзэж байв. Г.Аллисон "Destined for War" номдоо, сүүлийн 500 жилийн хугацаанд, дэлхийд ноёрхогч хүчирхэг гүрнүүд болон шинээр мандан гарч ирсэн улсуудын хооронд өрнөсөн 16 удаагийн зөрчилдөөний 12 нь дайнаар төгссөн болохыг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.