Бээжинд болсон хөөмэйн уралдаанд өвөр монгол залуу түрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-10
Хятадын нийслэл Бээжин хотноо өнгөрөгч сарын 29-нд хөөмэйн уралдаан болжээ. Энэ уралдаанд Минзү их сургуулийн оюутан, 21 настай Анхбаяр түрүүлсэн байна. Хөөмэйлэхийн зэрэгцээ уртын дуу дуулсан тэрбээр дөрөв дэх үеийн уртын дуучин болохоо “China Daily” сонинд ярьжээ. Анхбаяр нь Минзу их сургуульд монгол хөөмий, уртын дуу заадаг Хийморьт багшийн шавь аж. Шилийн голын уугуул Хийморьт нь Монгол Улсын Багшийн Их Сургуульд суралцаж 2022 онд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ уралдаанд зөвлөхөөр ажиллажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино болсон Хятадын “Ne Zha 2” киноны хөгжимд хөөмэйлсэн Өвөр Монголын Баяннуурын залуу уран бүтээлч Халамж мөн Хийморьтын шавь гэнэ. Тэмцээний хоёрдугаар байрыг Шинжааны Тарвагатай хотоос ирсэн Бахажан Еэллс эзэлсэн байна. Мөн тус тэмцээнд Өвөр Монголын Шилийн гол аймаг, ОХУ-ын Тувагийн ардын урлагийн өв тээгч залуус, хөөмэй сонирхогч хятад хүмүүс ч оролцсон байна. Дашрамд сонирхуулахад, тэмцээнд Хятадын хамгийн өмнөд Гуандун мужаас ирж оролцон гуравдугаар байр эзэлсэн Лю Хаожя хөөмэй сурахын тулд нэг цагийн 200 юанийн төлбөртэй онлайн сургалтад суужээ. Сургалтад суухын тулд хэрэгцээгээ хэмнэн долоо хоног бүр 50 юань буюу 6.8 доллар хурааж байсан бөгөөд харамсалтай нь өндөр төлбөрөөс нь болоод бүтэн сууж чадаагүй гэнэ. Өдгөө 18 настай тэрбээр өөрийн амьдардаг Шанвэй хотын ресторанд хүн хөөмэйлэхийг анх сонсоод сэтгэл нь хөдөлж, сурахаар шийдсэнээ “China Daily” сонинд ярьсан байна. Тэмцээнийг зохион байгуулагч, хөгжмийн менежмэнтийн “Stallion Era” компанийн үүсгэн байгуулагч Лю Жао хэлэхдээ "Залуу үеийнхэн, тэр дундаа монгол үндэстний талаар огт мэддэггүй хүмүүс ч хөөмэйг сонирхож, зохих ёсоор үнэлж буйн гэрч нь Лю Хаожя болж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.