Өмнөд Солонгосын “JYP Entertainment” компани Мьянмарт хандив өглөө
Анд нөхдийн мэдээ
2025-04-10
Өмнөд Солонгосын дуу бичлэг, энтерэйнмэнтийн салбарын хамгийн том компани “JYP Entertainment” 7.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амсаад буй Мяньмар улсад 300 сая воны хандив өглөө. "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаар дамжуулан өгсөн уг тусламжийг ус, хүнс, бусад хэрэгцээт зүйлс, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн дэмжлэгт зориулах ажээ. Энэ талаар компанийн удирдлага “Бидний энэ тусламж гамшигт өртсөн хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн зардалд дэм болж гамшгийг даван туулж, хэвийн амьдралдаа эргэн ороход нь нэмэр болно хэмээн итгэж байна” гэжээ. 2021 оноос эхлэн өнөөг хүртэл тус компани Монгол, Бангладеш, Вьетнам, Индонез, Камбож, Тайланд, Филиппин, Мексик, Бразилын хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор хандив тусламж өгч ирсэн юм. Мөн Турк, Сирид газар хөдлөхөд тус бүр 500 сая воны хандив өгсөн тус компани олон улсад төдийгүй өөрийн улсын иргэдэд ихээхэн хандив өгдөг. Тухайлбал, 2020 онд цар тахлын тархалтаас сэргийлэхэд 500 сая, 2022 оны түймрийн хохирлыг арилгахад 300 сая, өнгөрөгч сард гарсан түймрийг дарахад 500 сая вон хандивласан билээ. Өмнөд Солонгосын олон арван K-pop одыг төрүүлсэн гаргасан “JYP Entertainment” компанийн 2023 оны цэвэр ашиг 31 сая америк доллар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.