images

Уран бичээч Д.Болдгарав: Миний хоч “микроскоп”

Б.Бадамзул

Зөв монгол хүн

2025-04-09


Бямбын Ринчен гуайн “Монгол хэл” шүлгийг шүдэнзний модон дээр монгол бичгээр бичсэн зураач, уран бичээч Д.Болдгаравтай “Мөнх ногоон тал” үзэсгэлэнгийнх нь үеэр ярилцлаа. Тэрбээр уг үзэсгэлэнд 50 метр муутуу цаасан дээр 2200 гаруй модны дардас багтааж хийсэн бүтээлээ Монголын алдартай зураачдын уран зурагтай хамт дэглэн гаргаж “Олон мод тарья” гэсэн санааг нийтэд түгээхийг зорьжээ. Зураач Д.Болдгарав 2006 онд “Монголын нууц товчоо”-г 40х80 см, 2016 онд Монгол улсын Үндсэн хуулийг 21.5х42.8 см хэмжээтэй муутуу цаасан дээр багтаан монгол бичгээр бичсэн түүхтэй. Мөн 1350 бөхийн нэрийг 15х67 см зайд багтаасан тэрбээр “Хүннү гүрэн”, “Хүй нэгдэл” зэрэг түүхэн сэдэвт зургийг мөн л өчүүхэн орон зайд дүрсэлж байв. Түүний энэ мэт олон жижиг бүтээлээс “Монгол хэл” шүлгийг нь тойрч уг бүтээлийг хийсэн түүх төдийгүй монгол бичиг, уран бичлэгийн тухай хөөрөлдөв.

 

   Би Бямбын Ринчен гуайн “Монгол хэл” шүлгийг одоогоос хоёр жилийн өмнө 28 ширхэг шүдэнзний модон дээр бичиж “Шинэ цас” үзэсгэлэнд тавьж байлаа. Энэ шүлэг долоон бадаг буюу 28 мөртэй. Нэг мөрийг нэг шүдэнзний модон дээр багтааж бичээд тэрийгээ эгнүүлж тавиад жаазалсан юм. Энийг хүн томруулдаг шилээр харж байж үзнэ. Мөн энгийнээр бичвэл ямар харагддагийг харьцуулж харуулах зорилгоор эгнүүлсэн шүдэнзнийхээ хажууд боронзоор бичсэн. Тэгэхээр ялгаа нь харагдана. Шүдэнзний модны өргөн гурван мм байдаг. Тэрний ширхгийг дагуулж бичихээр үндсэндээ нэг мм дотор багтааж бичиж байгаа хэрэг. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан, хүний нүдний харах чадварын хамгийн бага хэмжээ. Гэтэл би яг тэр хэмжээн дотор л юм бичээд байгаа шүү дээ. Миний нүдний харах нь яг л тэр шинжлэх ухаан баталсны хавьцаа байна л даа, тэрнээс илүүг бол чадахгүй. Тиймээс энэ бүтээл хүний нүдний харах чадвар хэр байдгийг харуулж байгаа юм. Би бол гар утас, компьютерын дэлгэц хардаггүй, нүдээ гамнана. Гучин минут дэлгэц харахад л нулимс гоожоод эхэлдэг. Ганц хоёр жил ч болов жижгээрээ юм хийе, утас оролдохыг бол дараа сурчихаж болно гэж бодоод гар утсыг ярих, зураг дарахад л ашиглаж байна.

Д.Болдгаравын "Монгол хэл" бүтээл. "Шинэ цас" үзэсгэлэн. 2023 он. 

Нэг өдөрт 10 минут хангалттай

   Би ийм бүтээл хийхдээ томруулдаг шил ашигладаггүй. Нүдээрээ л харж бичнэ. Өдрийн гэрэлтэйд, 11 цагийн хавьцаа нар тогтуун байхад шууд бичдэг. Нэг цэгт удаан төвлөрч харахаар нүд бүрэлзээд фокус таарахаа болино. Тийм болохоор би арван минут хараад л больдог. Харандааны үзүүр хугарах л юм бол, нүд бүрэлзэх л юм бол үргэлжлүүлэхгүй. Харин тэнд томруулдаг шил ашиглана гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл томруулдаг шил ашиглахаар харьцаа алдрах бэрхшээл бий. Гар, нүд хоёрын баримжаа алдарна. Харин шууд нүдээрээ харж бичвэл тэгэхгүй тул харандаагаа хүнд, хөнгөн яаж дарахаа шийддэг онцлогтой тийм нарийн эд. Мөн тэр олон шүдэнзээс тохирохыг нь сонгож шилнэ. Мурий далий, эсвэл арзгар байж болохгүй. Тийм болохоор би “Монгол хэл” бүтээлээ аажуу уужуухан, хоёр сарын хугацаанд хийсэн байх аа. Заримдаа үнэхээр болохгүй бол хаяна шүү дээ. Болохгүй юм гаралгүй яах вэ.

Шүдэнзний модон дээр хийсэн гурав дахь бүтээл

   Арай нэг уртхан шүдэнз байдаг даа, “Монгол хэл” шүлгийг тэрэн дээр бичсэн. Өргөнийх нь хэмжээ адилхан байдаг юм. Мөн жижиг шүдэнзийг бодоход нэг үзүүр дээр нь эрхий хуруугаараа дарж хөдөлгөөнгүй болгоод бичихэд амархан. Богинохон дээр хийе гэхээр дарж болдоггүй. Тэгээд урт шүдэнзэн дээр нэг мөр шүлгээ биччихээд доороос нь тайраад жижиг шүдэнзтэй яг ижил хэмжээтэй болгосон. Энэ бүтээлийг хийхэд овоо олон шүдэнз гарзадсан шүү. Боодол боодлоор нь шүдэнз аваад тэр дундаас таалагдсан тэгш шүдэнзээ сонгож авна. Заримдаа бичиж байхад буруудна. Тэгэхээр хэрэггүй болсон шүдэнзээ зураад л өөр юманд ашиглана. Ингэж “Монгол хэл” шүлгийг бичсэнээс хойш Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг бичиж байна. Бүрэн дуусгаагүй. Үг нь урт болохоор багтааж бичих амаргүй юм билээ. Анх би шүдэнзний модыг хөндлөн тавьж байгаад Их хүрээ, Да хүрээ, Улаанбаатар гээд Монголын нийслэлийн арван хэдэн нэрийг бичсэн. Хамгийн олон нийслэлийн нэртэй орон чинь Монгол байхгүй юу. Дараа нь мөн л шүдэнзний модоо хөндлөн тавьж байгаад зургаан насны морь зурсан. Тэгээд босоогоор нь монгол бичгээр шүлэг бичиж үзье гэж бодоод “Монгол хэл”-ийг сонгосон юм.

   Би зурахын хажуугаар баримал хийдэг. Шүдэнзний хайрцган дотор багтдаг шатар хийж байлаа. Бүх бод, хүүг нь зөөлөн чулуу болох баргилтаар сийлсэн. Шүдэнзний хайрцаг дотор 32 бүтээл чөлөөтэй багтана гэхээр овоо байгаа биз? Дээр үеийн өвгөчүүл баргилт чулуугаар жижиг шатар хийсэн байхыг харж л байлаа. Гэхдээ зохиомж нь минийхээс ондоо л доо.

Шүдэнзний хайрцагт багтдаг шатар.

Харандаагаа зүүний үзүүр шиг нарийхан үзүүрлэдэг

   Би 0.5 мм-ийн харандааг зүүний үзүүр шиг нарийхан үзүүрлэдэг. Үзүүрлэхдээ нойл зүлгүүрээр зүлгэдэг юм. Та нар зүүний үзүүрийг сайн харвал мохоо байгаа. Харин миний харандааны үзүүр тэгж үзүүрлэсэн үед хурц болно. Тэгээд нэг үг бичив үү, үгүй юү элэгдэнэ дээ. Мөн хамгийн зөөлөн балтай 2B харандаа ашигладаг. Хүмүүс бол хатуу балтай харандаа болох байх гэдэг нь буруу. Харин ч хамгийн зөөлөн балтай харандаагаар хамгийн зөөлөн дарж байж зураас гаргадаг. Энэ ч бас харандаа их орсон ажил шүү.

   Бичиж байхдаа баллаж болдоггүй юм. Баллачихвал бүгдийг нь арчина. Жижгээр бичиж байхад зурлага бүр хэцүү. Яаж тэр үг, үсгийг гаргах вэ гэж бодож хянаж бичиж байгаа болохоор тэр зурлага нь бичихэд илүү хэцүү гэх боломжгүй л дээ. Цэг тавих нь хүртэл хэцүү. Яагаад гэвэл харандааны зураас бүдэг гарна. Тэрийгээ давхарлаж тодруулъя гэхээр харандаа хугарна. Тэгэхээр нь үзүүрлээд дахиж бичнэ. Тийм болохоор давхарлахгүйгээр нэг л удаа бичдэг. Харандаа хаана хугарна, тэрнээс цааш үргэлжлүүлээд бичихээр сонин харагддаг. Заримдаа хүнд, заримдаа хөнгөн дарж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр манай Алтантуяа, Тамираа, Ням-Очир гээд уран бичлэгийн мастерууд шүүмжилнэ. Томруулдаг шилээр харахаар нэгдүгээр ангийн хүүхэд бичсэн юм шиг харагддаг байхгүй юу. Тэгэхээр тэд “Уран бичлэг биш байна” гэж шүүмжлэх гээд байгаа хэрэг. Гэхдээ нөгөө талаас нь харвал хүн яаж нэг үгийг зөв бичих вэ, тэр үгийг тийм жижгээр яаж гаргацтай бичих вэ гэдэг асуудал тулгарна. Тийм болохоор урлаг, татлага гэхээсээ илүү тэр жижиг зайд яаж бичих вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулдаг гэдгээ тайлбарладаг юм. Тэгэхээр “Аан, тийм байж болох юм” гэцгээдэг. Би энэ бүтээлээрээ жижиг орон зайд ингэж бичих нь монгол уран бичлэгийн нэг хэлбэр болно шүү гэдэг санааг давхар гаргаж байгаа юм. Өчүүхэн зүйл дээр хүн бүр өчүүхэн бичиж чадахгүй учраас өвөрмөц юм л даа.

Монгол бичиг сурсан нь

   Би 1963 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1987-1991 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Зураг, шугам зургийн ангийг дүүргээд бие даасан уран бүтээлч болж 2000 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Түүнээс хойш монгол бичгээр бүтээл хийх болсон буюу уран бичлэгийг хожуу оролдож эхэлсэн. Анх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Монголын нууц товчоо”-г жижгээр бичсэнийхээ дараа л уран бичлэгт орж ирсэн. Харин монгол бичгийг тавдугаар ангид байхдаа түүх, философийн багш Дамбаар заалгаж байв. Өөрийнхөө сонирхлоор, ерөнхийдөө бол нууцаар заалгасан. Манай багш дургүйцээд “Чи ингэж байхаар орос хэл сур гэж байлаа. Би “Хэдхэн хоног л заалгая” гэж гуйгаад арван хэд хоног үсэг заалгаад, үг холбохтой болоод л больсон байх. Нэгдүгээр курст байхдаа би эрдэмтэн Ч.Далай гуайтай уулзсан юм. Тэгэхэд “Сайшаалын “Чингис хааны товчоон” гэдэг ном саяхан Өвөр Монголд хуучин монгол бичгээр гарсан. Чи унших уу?” гээд надад нэг ботио өгч уншуулав. Нөгөөдхийг нь би аваад хальт мульт уншиж байгаад аймагтаа авч очоод нөгөө монгол бичиг заалгасан Дамба багштайгаа таарахдаа өгтөл багш шөнөжин нойргүй сууж ганцхан өдрийн дотор уншаад өглөө нь “Янзын гоё ном байна” гээд авчирч өгч байна. Би тэгэхэд долоо хоног дутуу уншаад талд нь хүрч чадаагүй байгаа шүү дээ. Тэгээд багш “Сайн байна. Чиний монгол бичиг сурдаг хэрэг болсон байна шүү. Би тэгэхэд чамд дургүйлхэж байлаа, уучлаарай” гэж байв. Дамба багш бол аавын маань найз байсан юм.

   Миний аав түүх, нийгмийн багш байгаад 1973 онд нас барсан. Манайд “Дэлхийн түүх” зэрэг олон ном байсны зургийг харж өссөн дөө. Гэхдээ аав минь бидэнд Монголын түүхийг хамаагүй ярьж өгдөггүй байсан. Тэгж болдоггүй үе байсныг би нэг билүү, хоёрдугаар ангид байхдаа Гурваннуурт явахдаа анзаарсан юм. Тэнд Чингисийн хөшөө байдаг. Биднийг тойруулахгүй, тийш оруулахгүй, ар, өвөр дэх бичгийг нь сайн харуулахгүй байхад л “Яагаад?” гэдэг сонин сэтгэгдэл төрж байгаа юм. Тэгэхэд тэнд цав цагаан сахалтай, цэнхэр дээлтэй, жижигхэн өвгөн байв. Тэр хүн үлгэр ярьдаг. Дандаа Чингисийн тухай. Гурваннуурын түүхээс эхлээд л домог шиг юм ярина. Гурваннуурын голд байх Дунд нуурын тэхий дундах арал дээр Чингис хаан төрсөн гэх мэт. “Нярайлсан ээж нь адууны дэлүүгээр шөл хийж уусан” гэж ярьж байгаа юм. Энэ нууранд Чингис хааныг угааж байсан, үүгээр түүгээр ингэж явсан гээд л “Монголын нууц товчоо”-ны зарим хэсгүүдийг ярьж өгсөн санагдана. Харин би том болсон хойноо л өөрийнхөө хэмжээнд Монголын эзэнт гүрний түүхийн ном уншдаг болсон.

   Оюутан байхдаа би Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар эрдэм шинжилгээний илтгэл тавих гээд Монголын түүхийн гурван боть бичсэн Н.Ишжамц, Юань гүрэн судлаач Ч.Далай, түүхч Ц.Ишдорж гуай нартай уулзаж байлаа. Н.Ишжамц гуай “Болдгарав аа, чи хэтэрхий их судлах гээд яах вэ, ерөнхийд нь судал аа. Их судлаад эхлэхээр хүн нэг үгэн дээр зодолдоод байдаг” гэсэн юм. Нэг үгээр бол цаагуураа “Чи уран бүтээлч хүн, ерөнхийд нь судал, санааг нь ав” гэж байхгүй юу. Тухайн үед нь би энэ үгийг ойлгохгүй “Ерөнхийд нь судал гэж юу ярина вэ, би нарийн судалмаар байна” л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд надад унших хэдэн тоймтой ном хүртэл заагаад, зааглаад өгчихсөн. Ингээд би хожим “Монголын нууц товчоо”-г жижгээр бичиж “Түмэн үгт” гэдэг зохиогчийн эрхийн гэрчилгээ Оюуны өмчийн газраас авсан. Мөн “Чингис хаан” гэдэг бүтээл хийв. Чингис хаан гэж бичсэн боловч эсрэг тийш нь харуулахаар цагаан туг шиг харагддаг. Гэхдээ би өөр бүтээлдээ зохиогчийн эрх авч байгаагүй. Оюуны өмчийн газрынхнаас асуухаар “Та үзэсгэлэн гаргаад тэрийг олон түмэн үзчихээр тэгээд л таны бүтээл гэдэг нь баталгаажчихсан гэсэн үг шүү дээ” гэдэг юм. Би чинь “микроскоп” гэдэг хочтой хүн шүү дээ. Тэр нь патент болсон юм байлгүй гэж боддог ч патент аваагүй бүтээлүүдийг маань хүмүүс ашиглаад олон хувь болгосон харагддаг.

"Монголын нууц товчоо" бүтээл. 2006 он.

Монгол бичгээр бичих тусам огшдог

   Монгол бичгийн уран бичлэг сурахын өмнө эхлээд бичгээ сайн мэдэх ёстой. Бийр, янтайтай харьцаж сурах үзгээр бичихтэй адилгүй учраас дасах хүртэл өчнөөн жилийн дадлага хэрэгтэй. Ер нь олон сар, өдрийн дадлага хийж байж бүтээл гарна. Бөх зурлаа гэхэд доод тал нь арван хэдэн мэхийг нь мэддэг байж тэр зохиомжийг гаргадаг. Морь гэхэд л ар өвөргүй, буруу зөвгүй зурж байж бүтээл дээр шууд буудаг юм. Тиймээс бид одоо ч гэсэн суралцаад л явж байна. Би бол монгол бичгээр томоор нэг их сайн бичиж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэгж бичдэг болох гээд янз янзаар үзээд л байна. Ер нь хүн бол уран бичлэгийг төгс сурахаас илүүтэй тэрийг мэддэг, ойлгодог байх нь чухал. Монголын уран бичлэг гэдэг бол хүчирхэг. Маш эрчимлэг санагддаг. Монгол бичгээр бичиж байхдаа би цаанаасаа огшдог юм. Хүмүүс бол уран бичлэгийг тансаг сайхан гэдэг. Тэр бүр хүчирхэг талаас нь ярьдаггүй. Хийх тусам л огшоод, улам хиймээр болоод байдаг нь сонин. Улам бяр орох шиг болж, бэрхшээл тохиосон ч, сайн муу яаж ч бичсэн урам авдаг юм. Монгол ахуйдаа ч ойртдог. Ерөөсөө хамгийн уртаар, богиноор, түргэн бичиж ч болдог. Тэрийг л таталган, хичээнгүй гээд янз бүрээр тайлбарлаад байна шүү дээ. Гэхдээ тэгж янз бүрээр бичих нь өөр өөр эмоцитой. Уртаар бичихэд нэг өөр, богиноор бичихэд нэг өөр сэтгэгдэл төрнө. Бүр жижигхэн бичихэд бас нэг сонин санагдана. Ингээд олон янзаар бичээд байхаар хүний сэтгэл улам л огшоод байдаг.

   Өнгөрсөн жил Дуутын хадны буюу Цогтын хадны бичгийн 400 жилийн ой тохиосон. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан” музейгээс уралдаан зарлаж тэнд “Их хаадын жимээр” үзэсгэлэн зохион байгуулсанд уран бичээчид очиж оролцсон юм. Цогтын чулууны бичиг бол Монголын уран бичлэгийн төгс шрифт байхгүй юу. Бараг компьютерийн дардас шиг бичсэн байгаа юм. Тэгээд энгийн ч биш дуугардаг чулуун дээр бичсэн Монголын уран бичлэгийн том дурсгал шүү дээ. Дөрвөн зууны өмнө бичсэн гэхэд сүүлний таталт, титэм жигд, эгц нуруутай, үг хоорондын зай нь ижил, ярайсан харагддаг. Тэрийг хэдэн сар, яаж, юугаар бичсэнийг бид одоо мэдэхгүй. Тухайн үед компьютер байгаагүй. Түүнтэй дүйцэх багаж ч байгаагүй байх. Үнэхээр л яаж бичсэн юм бэ гэмээр. Тэр бол урлаг. Мөн алт, мөнгөн гэрэгэ дээр монгол бичгийн сонгодог хэв хадгалагдаж үлдсэн байна. Гүюг хааны тамган дээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монголын далай хааны зарлиг иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бий шүү дээ. Тийм тамга одоо байна уу? Тийм тансаг хэллэгтэй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ мэт монгол бичгийн сонгодог дурсгал олон байна даа. 

"Монгол улсын Үндсэн хууль" бүтээл. 2016 он.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.