images

Ой нь муудсан 92 настай ээжийгээ асарч буй 67 настай охины түүх

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-08


   Хятадын Хөхмөрөн мужийн Жямуси хотын иргэн, 67 настай Ху Вэй нь 92 настай ээждээ зориулан зочны өрөөндөө самбар, шохой зэргийг тавьжээ. Түүний ээж Лэй бага ангийн багшаар 30 жил ажилласан бөгөөд чихрийн шижин өвчний нөлөөгөөр ой санамж нь нэлээд муудсан тул ээждээ зориулан хичээлийн анги бэлдсэн нь тэр юм. Ингэснээр ээж нь өдөр бүр самбар дээр хэлц үг бичиж, бага ангийн математикийн бодлого бодож, баяртай байх болжээ. Өвчний улмаас дуугаа хураасан ээжийгээ буцаад жаргалтай болж, уйтгар гунигаасаа салахад туслахын тулд олон арга туршсанаа Ху Вэй "China Daily" сонинд ярьсан байна. Тэрбээр ээждээ туслахын тулд эхэндээ сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, зурдаг ном ашигласан ч нэмэр болоогүй гэнэ. Харин одоогоос гурван жилийн өмнө ээжийнх нь цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй байгаа нь гар, хөлийн мэдрэл муудсанаас үүдэлтэй болохыг эмч хэлсэн байна. Улмаар энэ янзаараа байвал ээжийнх нь ой санамж маш хурдан доройтохыг эмч нар сануулсан аж. Ингээд нэг өдөр хуучны эд зүйлсийг нь цэгцэлж суусан охин багшилж байхдаа хийж байсан хичээлийн төлөвлөгөөг нь олж үзээд гэрээ хичээлийн танхим болгох санаа олж, цахим худалдаанаас соронзон самбар захиалж авчруулаад хэлц үг бичиж харуулсанд ээжийнх нь нүд сэргээд иржээ. Гэхдээ Лэй өдөрт самбарт 10 минутын л хичээл заадаг гэнэ. Учир нь, хичээл уртадвал анхаарал нь орчноосоо холдож, үзсэнээ мартаж эхэлдэг гэмтэй аж. Энэ тухай Ху Вэй "Ээж самбар дээр бичиж байгаад больж гараараа ширээ тулбал ядарч эхэлсэн, хуучны дуу амандаа аялбал жаргалтай байна гэсэн үг" хэмээн сонины сурвалжлагчид ярьсан байна. Тэрбээр өдөр бүр ээжийнхээ цусан дахь сахарын хэмжээ, даралтыг үзэн тэмдэглэж, шаардлагатай үед эмчид ханддаг гэнэ. Ах, эгч хоёр нь нас барсан бол бага ах нь Хөхмөрөнгөөс хол Шаньдун мужид амьдарч байгаа тул ээжийгээ асрах цорын ганц хүн нь 67 настай Ху Вэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.