Английн хаан Чарльзийн дүрстэй зоосон мөнгө гүйлгээнд орлоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-09
Английн хаан III Чарльзйиг дүрсэлсэн 50 пенсийн зоос өнөөдрөөс эхлэн шуудангийн газруудаар дамжин гүйлгээнд орлоо. Эзэн хааны зөвшөөрлөөр уран барималч Мартин Женнингс хааны 70 насны төрсөн өдрийн зургийг ашиглан зоосон дээр хөргийг нь зүүн тийш харуулан бүтээсэн байна. Харин зоосны эсрэг талыг 1953 онд Вэстминстрийн сүмд хатан хаан II Элизабетийг хаан ширээнд залрахад зориулан гаргасан титэм, бамбай, Английн дөрвөн бэлгэдэл бүхий дүрстэй зоосыг дуурайлган хийжээ. Англичуудын хаан ширээ залгамжлагчаа зоосон дээр дүрслэх уламжлал 1100 жилийн түүхтэй бөгөөд хатан хаанаас бусад хаад нь титэм зүүдэггүй аж. Энэ зоосны дурсгалын хувилбарыг 10 дугаар сард гаргаж байсан билээ. Харин энэ сард 4.9 сая 50 пенсийн зоосыг 9452 шуудангийн салбараар үйлчлүүлсэн иргэдэд сольж өгөх аж. Энэ нь одоогийн байдлаар гүйлгээнд оруулахаар төлөвлөсөн зоосны тал хувь нь юм. Хэрэв энэ зоосны эрэлт хэрэгцээ их байвал нэмж гаргана гэжээ. Мөн өмнөх хатан хааны дүрстэй зоосон мөнгийг гүйлгээнд хэвийн ашигласаар байна гэдгийг албан ёсоор зарласан байна. Одоогоор хатан хааны дүрстэй 27 тэрбум зоос зах зээлд эргэлдэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.