Хүрэн баавгай эрх чөлөөтэй боллоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-09
Албани улсын нийслэл Тирана хотын нэгэн зоогийн газрын төмөр торон хашаанд хорин жил хоригдсон хүрэн баавгай суллагдаж эрх чөлөөтэй боллоо. “Мак” нэртэй уг баавгайг Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэг ивээлдээ авч Австри улсын Байгалийн цогцолбор газарт хүргэсэн тухай “AFP” агентлаг мэдээлэв. 1998 онд төрсөн Мак эх нь анчдын гарт үрэгдсэний дараа дүүгийн хамт Тирана хотын энэхүү зоогийн газарт зарагджээ. Улмаар тус “Баавгай” нэртэй уг зоогийн газрын торон хашаанд хоригдон тэнд хоолохоор ирсэн хүмүүсийн нүд хужирласаар даруй 20 жилийг үджээ. Одоогоор 250 килограмм жинтэй, хатуу цементэн шалан дээр олон жил байснаас үе мөчний эмгэгтэй болж хараа нь муудсан талаар тус нийгэмлэг мэдээлсэн байна. Түүнийг хооллодог байсан зоогийн газрын ажилтан хэлэхдээ хоёр жилийн өмнө дүү баавгай нь үрэгдсэнээр Мак хоёр, гурван сар тасралтгүй архирч уйлсан гэнэ. Нэг жилийн өмнө тус зоогийн газар өөр эзний эзэмшилд очсоноор шинэ эзэн нь нэгэн ажилтныхаа зөвлөснөөр түүнийг амьтан хамгаалах нийгэмлэгт шилжүүлсэн нь энэ ажээ. Тус нийгэмлэг “Мак эрх чөлөөтэй болсон нь сайхан хэрэг боловч тус улсад ийм маягаар хүмүүсийн зугаа цэнгэл, үзүүлэн болон хоригдож буй баавгай олон байна” гээд энэ талаар холбогдох хууль тогтоомжид даруй өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.