Иран эмэгтэйчүүд “Time”сэтгүүлийн “Оны баатар”-аар шалгарчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-09
АНУ-ын “Time”сэтгүүл “Энэ оны баатар”-аар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө засгийн газрынхаа эсрэг эсэргүүцлийн жагсаалыг манлайлан оролцож эхэлсээр даруй гурав дахь сарынхаа нүүр үзэж байгаа иран эмэгтэйчүүдийг тодруулжээ. Сэтгүүл энэ тухайд “Иран улсад өөрчлөлт авчрахыг хүссэн ард иргэдийн чин хүсэл нь эмэгтэйчүүд, амь нас, эрх чөлөө гэсэн уриан доор өрнөж байна. Энэ нь нийгмийнхээ хүнд бэрх бүхнийг үүрч яваа эмэгтэйчүүдийн тэсрэлт байлаа” гээд тэдгээр эмэгтэйчүүдийн энэ оны баатраар шалгаруулж байгаагаа мэдэгджээ. Тус сэтгүүлийн нийтлэлч, зохиолч Азадэ Моавени бичихдээ “Өнөөг хүртэл ид хүчээ аван өрнөж буй уг эсэргүүцлийн тэмцэлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ер бусын содон байсан бөгөөд Иран улсын 43 жилийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн жагсаал” хэмээн онцолжээ. Тэрбээр “Эр зориг гарган гудамжинд гарч ирсэн эмэгтэйчүүдийн манлайлж буй энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь өндөр боловсролтой, эрх чөлөөт үзэлтэй, шашны элдэв бусармаг хориггүй, энгийн эрүүл саруул байдлаар аж төрөхийг хүссэн иргэдийн чин хүсэл” гээд “Тэд их дээд сургуульд сурах, гадаадад аялах, хүссэн мэргэжлээ эзэмших, хууль ёсыг дээдлэх, улс төрд оролцох, Apple Store хэрэглэх, үгээ чөлөөтэй хэлэх, дуртай хувцасаа өмсөхийг хүсэж байна” гэжээ. Ираны эрх баригчдын гаргасан тооцоогоор жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан хүмүүсийн дундаж нас 15 байгаагаас харахад эрх чөлөөг хүсэмжилсэн огт өөр шинэ үе ирж байгааг харуулж байгаа бөгөөд үүнийг хазаарлан зогсоохыг оролдох тусам бүр илүү хүчтэй тэсрэх магадлалтай болохыг нийтлэлч өгүүлжээ. Уг нийтлэлд зурагтайгаа гарсан 32 настай Шима хэмээх бүсгүй “Дэлхийн ямар ч эрчүүдээс илүү эр зориг гарган эрх чөлөөнийхөө төлөө зориглон босож чадсан өөрөөрөө болон бусад үндэс нэгт эмэгтэйчүүдээрээ бахархаж байна” гээд “Олон нийтийн газар, албан ажил дээрээ гивлүүр зүүхийг бид эсэргүүцэж байна. Энэ бол эрх чөлөөгөө олж авах хамгийн тохирсон арга юм” хэмээн хэлсэн байна. Одоогийн байдлаар тус улсын засгийн газар хувьсгалт хүчний цэрэг оруулж жагсаалыг хүчээр дарахыг оролдож байна. Тус улсын хүний эрхийн олон нийтийн байгууллага засгийн газраа буруутгаж, ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэснээр 63 хүүхэд оролцуулаад нийт 458 хүн амь насаа алдсан гэсэн тооцоо гаргасан бол засгийн газар нь хамгаалалтын цэргийн албан хаагч нарыг оролцуулаад 200 орчим хүн амь алдсан гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.