images

Хятадын цай хийх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгэлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-08


     ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад Хятадын цай хийх уламжлалыг бүртгэлээ. Уг статусыг Марокко улсын Рабат хотноо болсон Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны хурлын үеэр олгосон байна. Хятадын цайны соёлд цайны навч түүх, боловсруулах, цайг уух, хуваалцах, цайны ургамлын менежментийн практик, ур чадвар, мэдлэг багтдаг аж. Хятадын цай боловсруулах уламжлалт аргууд нь газар зүйн байршил, байгаль орчинтой нь салшгүй холбоотой гэж ЮНЕСКО-гийн төлөөлөгчид үзжээ. Хятадад өргөргийн 18-37, уртрагийн 94-122 градусын хооронд орших арав гаруй аймагт уламжлалт аргаар цай бэлтгэдэг аж. Хятадын цай үйлдвэрлэгчид шар, хар, ногоон, цагаан, бор, оолон гэсэн зургаан төрлийн цайг хөгжүүлсэн бөгөөд тус улсад 2000 гаруй төрлийн цайны бүтээгдэхүүн байдаг гэнэ. Мөн Хятадын 40 гаруй коллеж, 80 гаруй их сургууль цайны шинжлэх ухаан, соёлын чиглэлээр оюутнуудыг мэргэшүүлдэг. Тэдгээр сургуулийг жил бүр 3000 гаруй оюутан цайны үйлдвэрлэл, цайны урлагийн мэргэжлээр төгсдөг байна. Ийнхүү цайны соёлоо дэлхийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн Хятад улс дэлхийн хамгийн олон буюу 43 өв соёлоо тус жагсаалтад оруулсан улс боллоо. Сонирхуулахад, Хятадын Үндэсний соёлын биет бус өвийн жагсаалтад цайны 44 соёл бүртгэсэн байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.