Хубилай хаан Япон руу довтолсны 750 жилийн ойд зориулсан номын баяр болов
Чихэнд чимэгтэй
2025-03-20
Хубилай хааны байгуулсан Юань улсын цэрэг Япон руу довтолсны 750 жилийн ойд зориулан өнгөрөгч оны 10, 11 дүгээр сард Япон улсад зохион байгуулсан үйл явдлуудыг эмхэтгэн хоёр боть ном хэвлэж, номын баярыг нь гуравдугаар сарын 18-нд Улаанбаатар хотноо Үндэсний номын санд хийжээ. Уг баярт Фүкүока дахь Монгол улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, Улаанбаатарт суугаа Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн К.Кондо тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Номын нэг боть нь “Хубилай хаан Япон улсад хийсэн довтолгооны дараах 750 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл бол нөгөөх нь зургийн цомог юм. Улмаар ном тус бүрээс 50 ширхэгийг Үндэсний номын санд хүлээлгэн өгч орон нутагт тараахыг хүссэн байна.
Эрдэм шинжилгээний эмхэтгэл нь 2024 оны 11 дүгээр сард уг сэдвээр Кокүгакүин их сургуульд зохион байгуулсан хоёр орны эрдэмтдийн симпозиумын илтгэлийн түүвэр юм. Тухайн үед ябүсамэ буюу морьт харвааны үзүүлбэрийг Фүкүока хотын Ниши тойргийн Иимори сүмд зохион байгуулсныг 1200 хүн үзсэн бөгөөд дээрх арга хэмжээг Өргөмжит консулын газар гардан зохион байгуулжээ. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж, дэд хамба С.Гантөмөр нар Фүкүока хотын Буддын шашны Нанзоин, Райзан-сэнножи хийд, Шинто шашны Момижи-Хачимангү хийдийн хуврагуудтай хамтран Их Юань гүрнээс Японд довтлох үед амь үрэгдсэн хоёр орны цэрэг, энгийн иргэдийн дурсгалд зориулж энх тайвны төлөө мөргөл үйлдсэн юм. Улмаар Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг худалдаанд гаргасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.