images

Аун Сан Су Чи ард түмэндээ хандан уриалга илгээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-08


     Цэргийнхэн засгийн эрхэнд гарангуут улс төрийн хэргээр баривчилж шоронд хорьсон Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чи ардчиллын төлөө эрх баригчидтайгаа тэмцэж буй ард түмнээ дэмжсэн уриалга илгээжээ. Аун Сан Су Читэй хамт яллагдан тус улсын шоронд хоригдож байгаад суллагдсан, түүний эдийн засгийн зөвлөх асан, Австрали улсын иргэн, эдийн засагч Шон Төрнел түүний энэ уриалгыг өчигдөр олон нийтэд дамжуулжээ. Америкийн “News 10” телевизэд өгсөн ярилцлагадаа “Тэрбээр Мьянмарын дотоод байдлыг дэлхий нийтэд мэдээлэхийг хүссэн. Өөрөө үг хэлэх эрхгүй байгаа тул надад ийм хүсэлт тавьсан” хэмээн хэлжээ. Төрнел цааш нь “Ялангуяа залуусаараа бахархаж байна. Ардчилсан тогтоц манай улсад удаан оршиж чадаагүй ч ардчиллыг хамгаалан босож буй ард түмнээрээ бахархаж байна” гэж тэр дамжуулаад тэднийг тэмцлээсээ няцахгүй байхыг уриалсан хэмээн ярьжээ. Хоригдсоноос нь хойш Аун Сан Су Чигийн дуу хоолой анх удаа ийнхүү олонд хүрч буй юм. Төрнел өнгөрсөн 9 дүгээр сард хамгийн сүүлчийн удаа түүнтэй уулзсанаа мөн хэлсэн байна. Ардчиллын удирдагч 26 жилийн ял авсан бөгөөд одоо тус улсын нийслэл Нэйпьидо хотын шоронд хоригдож байгаа ажээ. Төрнел тус улсын дотоод байдлын талаар олон улсын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс гадна ном бичиж байгаа бөгөөд номдоо цэргийн эргэлт гарахаас өмнө тус улсын эдийн засгийг сэргээхээр авч хэрэгжүүлж байсан ажлууд болон түүнийг шоронгоос суллахад томоохон түлхэц болсон дэлхийн улс орнуудын дэмжлэгийн талаар өгүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.