Украины ерөнхийлөгч “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр шалгарчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-08
АНУ-ын “Time” сэтгүүл 2022 оны онцлох хүнээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг тодруулжээ. Тус сэтгүүл өчигдрийн дугаартаа “Эр зориг ч бас айдас түгшүүр шиг өргөн тархаж болдог гэдгийг батлан харуулсан” гээд ерөнхийлөгч В.Зеленскийг энэ оны онцлох хүнээр шалгаруулснаа зарлажээ. Тус сэтгүүлийн эрхлэгч Эдвард Фэлсенталь энэ удаагийн шалгаруулалтыг “Цаашид санан дурсагдах хамгийн тод томруун шалгаруулалт” гээд “Нийслэл Киев хотоо орхилгүй тэндээ байж олон улсын дэмжлэг тусламжийг улс орондоо төвлөрүүлж чадсан түүний эр зориг бол ховор тохиох хувь тавилан юм” гэжээ. Украин улсын ерөнхийлөгч болон ард иргэд нь өнгөрсөн хоёрдугаар сард Оросын халдлага эхэлснээс хойш алхам ч ухралгүй тэмцсээр алдагдсан зарим нутгаа эргүүлж аваад байгаа юм. Мөн ерөнхийлөгч дайн эхэлсэн өдрөөс эхлэн үзэл бодлоо ард түмэндээ нээлттэй илэрхийлж, тэдний урам зориг, итгэл найдварыг сэрээж, Өрнийн орнуудаас цэрэг зэвсгийн болон санхүүгийн дэмжлэг авч чадсан төдийгүй өөрийн биеэр галын шугаман дээр очиж дайны цагийн удирдагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн хэмээн үнэлжээ. Улмаар “Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн хэдэн арван жилд огт байгаагүй тийм арга барилаар дэлхий дахиныг хөдөлгөөнд оруулсан юм. Тэрбээр 2022 онд дэлхий нийтийг өөрийн хэмнэлд тааруулж чадсан” хэмээн хэлжээ. Украины сүр сүлдийг онцлох болсон тухайгаа “Эх орныхоо төлөө мятаршгүй тэмцсэн олон зуун хүн, нэр нь үл мэдэгдэх цэрэг дайчид, цэргийн сэтгүүлчид, эмч сувилагч нар, эгэл жирийн тогооч нарын гавьяа” хэмээн онцоллоо. Сэтгүүл нүүрээ ерөнхийлөгч В.Зеленский болон бусад алдар гавьяатнууд, тухайлбал пуужингийн довтолгооноос болж тус улсад харилцаа холбоо бүрэн тасрахад утасгүй интернэтийн төхөөрөмж нийлүүлсэн инженер Олег Кутков, “Kyiv independent” сонины ерөнхий эрхлэгч Ольга Руденко, англи эмч Дэвид Нот, дайны гал дунд хүүхдээ төрүүлсэн эх Ирина Кондратова нарын зургаар чимсэн байна. 1927 онд анх байгуулагдсан тус сэтгүүл “Оны онцлох хүн”-ээр өнгөрсөн жил “Тесла”-гийн үүсгэн байгуулагч Илон Маск, 2020 онд Америкийн ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарыг тодруулж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.